Г.Намуун:Монголбанк 2318 зээлдэгчид 160 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон 

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн ахлах эдийн засагч Г.Намуунтай ипотекийн зээлийн хөтөлбөрийн талаар олон нийтээс тавьсан асуултуудтай холбоотойгоор ярилцлага хийлээ.

Ипотекийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгнө үү.

Монголбанк, Засгийн газраас 2018 оны эхний 10 сарын байдлаар нийт 237 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтэд зориулан банкуудад олгоод байна. Энэ нь Монголбанкны эх үүсвэрээс 2,318 зээлдэгчид нийт 160 тэрбум төгрөгийн санхүүжилт, Засгийн газрын эх үүсвэрээс 1,260 зээлдэгчид нийт 77 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, нийт 3,600 орчим зээлдэгчийн асуудлыг шийдвэрлэсэн.

Засгийн газрын 3 дугаар улиралд олгох 30 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зөвхөн орон нутагт шийдвэрлэсэн зээлд олгохоор банкуудад эх үүсвэрийг хуваарилаад байна.

Иргэд банкуудад зээлийн хүсэлт өгөхөөр санхүүжилт олгогдохгүй байгаа, хүсэлт хүлээж авах боломжгүй гэдэг. Харин танайхаас тогтмол санхүүжилт хийж байгаа талаар мэдээлэл өгч байна. Тиймээс иргэдийн дунд ипотекийн зээлийн олголт журмын дагуу олгогдож байгаа эсэхэд эргэлзээ их байна. Иймд банкуудын ипотекийн зээл олгох явцыг Монголбанк хэрхэн хянадаг тухай мэдээлэл өгнө үү?

Монголбанкны Хяналт шалгалтын газар нь банкуудыг хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй эсэхийг тогтмол хянадаг.  “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын дагуу зээл авах иргэн болон худалдан авах орон сууцанд шалгуур үзүүлэлт тогтоосон байдаг. Монголбанкны Хяналт, шалгалтын газраас банкууд хөтөлбөрийн хүрээнд олгосон санхүүжилтийг журмын шаардлага хангасан иргэдэд дамжуулан зээлдүүлж буй эсэх, санхүүжилтийг зориулалтын дагуу ашиглаж буй эсэхийг тогтмол хянаж, шалгадаг. Шалгуур үзүүлэлт тогтоодог нь аль болох зээлдэгчээ санхүүгийн хүндрэлд оруулахгүйгээр зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьдогтой холбоотой.

Нөгөөтээгүүр, банкууд хадгаламж эзэмшигчдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд зээлийн эрсдэлээ бага байлгахыг зорьдог. Иймд банкууд шаардлага хангасан буюу авсан зээлээ эргүүлэн төлөх чадвартай харилцагчдад ипотекийн зээлийг олгох үүрэгтэй юм.

Банкууд иргэдэд ипотекийн зээл өгөхдөө өөрийн зээл олгосон барилгын компаниудаас санал болгож байна гэсэн гомдлыг иргэд байнга тавьж байна. Энэ нь зөрчил мөн үү?

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд заасан зээлдэгч болон зээлээр худалдан авах орон сууцанд тавьж буй шалгуур дээр үндэслэн иргэн банктай орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулдаг. Улмаар Монголбанк банкуудын дотоод үйл ажиллагаанд оролцож, аль нэг барилгын компани юм уу, иргэнд зээл олгох чиглэл өгөх эрхгүй. Энэ нь тухайн банкны эрсдэл болон хөрөнгийн удирдлагатай нягт холбоотой асуудал тул уг санхүүжилтийг хэрхэн хуваарилах нь банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудал юм. Монголбанкны хувьд зээлдэгчид тавих шаардлага болон худалдан авах орон сууцны нийтлэг шаардлагыг журмаар зохицуулж, тус заалтыг хангасан эсэхийг шалгах эрхтэй.

Иргэд орон сууцны ипотекийн зээлийн олголтыг ил тод болгох талаар шаардаад байна, энэ нь боломжтой юу?

Эхлээд хуулийн хүрээнд боломжтой юу гэдэг талаас нь харах хэрэгтэй. Тиймээс ипотекийн зээл авсан иргэний мэдээллийг ил тод болгох асуудал яригдаж байгаа тохиолдолд энэ нь хууль эрх зүйн хувьд боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэг талаас иргэний мэдээллийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр олон нийтэд мэдээлэх нь “Хувь хүний нууц”-ын тухай хуулийг зөрчиж байгаа хэрэг, нөгөө талаас энэ хуулийн хүрээнд банкууд харилцагчийн мэдээллийг нууцлах зохицуулалттай тул боломжгүй шүү дээ. Харин хөтөлбөрийн хүрээнд Монголбанк болон Засгийн газраас банкуудад олгож буй санхүүжилтийг ил тод нээлттэй болгох асуудлыг ярьж байгаа бол энэ нь угаасаа нээлттэй мэдээлэл. Монголбанк сар бүр өөрийн эх үүсвэрээс олгосон санхүүжилтийн хэмжээ болон Засгийн газраас улирал бүр олгож буй хэмжээг тухай бүр цахим хуудсаараа дамжуулан нээлттэй мэдээлдэг.

Ярилцсанд баярлалаа.

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …