Халуун бүлээн юм уух нь биеэс хорт бодисыг гадагшлуулж, цусны эргэлт сайжруулдаг

Өвлийн улиралд хүний биеийн дархлаа суларч, хүмүүс ханиад томуу тусах нь элбэгшдэг. Сүүлийн жилд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжөөр өвдсөнийхөө дараа бус өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлж, эрүүл зөв хоололт, идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл мэндээ хамгаалж, тэтгэхийг зөвлөж байгаа. Энэ талаар  Сонгино Хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их эмч Адилбек Махпал-тай ярилцлаа.

Ханиад томууны үе эхэлсэн байна. Жил бүр томуу томуу төст өвчний шинж тэмдэг өөр өөр илэрдэг. Энэ удаа ямар шинж тэмдэг зонхилон илэрч байна.

-Ханиад томууны үе яг эд дэлгэрч байна. Тэр дундаа бага насны хүүхэд, хөхүүл эмэгтэй, бие давхар ээжүүд хүрч байгаа. Шинж тэмдгийн хувьд хүчтэй халуурах, дотор муухайрах, шингэн нус гоожих гэх зэрэг нийтлэг шинжээр илэрч байна.

Хүмүүс ханиад хүрсэн үедээ дур мэдэн гэрийн нөхцөлд эмчлэх гэж оролддог. Энэ нь эргээд маш том эрсдэл дагуулж байдаг. Энэ тал дээр та юу гэж зөвлөх вэ?

– Хүмүүс өвдөөд хүндрээд эцсийн шатандаа ирэхлээр л эмч, эмнэлэг гэж байдгийг санадаг. Гэрийн нөхцөлд дур мэдэн эмчлэх гэж цаг хугацаа, мөнгө санхүү, эрүүл мэндээрээ хохирч байна. Ханиадны эхний шинж тэмдэг илэрсэн бол эмчийн зөвлөмжийн дагуу эмчилгээ эхлүүлэх хэрэгтэй. Гэтэл манай эцэг эхчүүд хэнэггүй. Бага зэрэг ханиад хүрснийг тоохгүй орхисноор, хүндрүүлчихдэг. Мөн дур мэдэн антибиотик уучихдаг. Ямар нэгэн халдвар авсан бол нянгийн эсвэл вирусын гаралтай болохыг түрүүлж мэдэх нь чухал. Ханиад хоолоо өвдөх гээд амьсгалын замын өвчинд антибиотик нь зохимжтой эмчилгээ болж чадахгүй. Антибиотикийг эмчийн зааваргүй хэрэглэснээр дархлаа муудах аюултай байдаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амьдралын зөв дадал зуршил маш чухал. Тиймээс эрүүл зөв хоололт, идэвхтэй хөдөлгөөнийг амьдралдаа хэвшүүлэхийг зөвлөж байгаа. Ханиад томууны үед болон өвлийн улиралд дархлаагаа дэмжихийн тулд ямар хоол хүнс хэрэглэх шаардлагатай вэ?

-Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь маш чухал. Өвдсөнийхөө дараа биш, өвдөхөөсөө өмнө дархлаагаа дэмжиж эрүүл мэндээ хайрлах ёстой. Эрүүл зөв хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөн, амьдралын зөв дадал зуршил маш чухал. Тиймээс өвлийн эдгээр саруудад хоол хүнсэндээ анхаарч амин дэмээр баялаг тэжээллэг хоол хүнсийг хэрэглэх шаардлагатай. Тэр дундаа олон нэр төрлийн ногоог түлхүү хэрэглээрэй. Учир нь хүнсний ногоонд агуулагдах амин дэмийн хэмжээ өндөр. Иймд биенд хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулж, хорт бодисоос урьдчилан сэргийлэх зэрэг олон давуу талыг хүнсний ногоо агуулсан байдаг. Судалгаагаар хүнсний ногоог хоолондоо түлхүү хэрэглэдэг хүмүүс ходоодны хорт хавдраар өвчлөх магадлал маш бага байдаг. Мөн өдөрт 2-3 хумс сармисыг хоолондоо тогтмол хэрэглэж байгаарай. Ханиадтай тэмцэхэд С амин дэмийн хэрэгцээ ихэсдэг. Жүрж, нимбэг зэрэг жимсэнд энэ амин дэм их хэмжээгээр агуулагддаг. Мөн В бүлгийн амин дэмийн хэрэгцээ ч ихэсдэг. Тэдгээр нь бүх төрлийн самранд ихээр агуулагддаг юм. Мөн витаминаар баялаг чацаргана, аньсны шүүс, аарцыг халуунаар ууж дархлаагаа дэмжих ёстой.

Дархлааг дэмжихийн тулд шингэн зүйлийг халуунаар уухыг зөвлөдөг. Халуунаар уух нь ямар ашиг тустай вэ?

-Нэгдүгээрт халуун бүлээн юм уух нь биеэс хорт бодисыг гадагшлуулж, цусны эргэлт сайжруулдаг. Мөн төв мэдрэлийн тогтолцоог зөв ажиллахад тусалдаг. Хүмүүс стресс, ядаргаанд орсон үед халуун усанд орох, саунд суух сонирхол их төрдөг. Энэ нь зүгээр ч тохиолдлын зүйл биш юм. Хүний бие организм ядарч сульдсан үедээ халуун бүлээн шингэн зүйлийг нэхэж байдаг гэж хэлж болно.

Сүүлийн үед иргэд янз бүрийн амин дэм, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь ихсэж байгаа. Гадуур ч бас их худалдаалагдаж байна. Нэг ширхэг капсульд хүний өдрийн хэрэгцээг хангах боломжтой витаминууд худалдаалагдаж байна.  Энэ нь жимс жимсгэнийг шинээр нь идэхээс чанарын хувьд ялгаатай юу?

– Шахмал эмэн хэлбэртэй амин дэмүүд хэрэглэхээс илүүгээр байгалийн гаралтай, эко амьд хүнсийг хэрэглэхийг зөвлөмөөр байна. Жишээ нь ханиад хүрлээ гэхэд эм уухаасаа илүүгээр аньс, нэрс, чацарагана зэрэг ойн жимсийг байгалиар нь хэрэглэвэл илүү үр дүнтэй. Сүү сүүн бүтээгдэхүүн аарц зэргийг хэрэглэх нь зөв сонголт. Эдгээрийг бид жилийн дөрвөн улирал эх орондоо хэрэглэх боломжтой болсон шүү дээ.

Хоол хүнснээс гадна дархлаагаа сэргээх нэг хэлбэр нь идэвхтэй дасгал хөдөлгөөн хий гэж зөвлөдөг. Энэ улиралд дасгал хөдөлгөөн хийж, спортоор хичээллэх нь манай нөхцөлд хязгаарлдагдмал. Тиймээс хөдөлгөөнөөр дэмжиж дархлаагаа сэргээх ямар аргууд байдаг вэ?

Дархлаагаа сэргээхийн тулд цэгэн иллэгийг тогтмол хийж хэвшвэл биеийн дархлаа сэргэдэг. Ингэхдээ

  1. Хөмсөгний дотор талын төгсгөл хэсэгт
  2. Доод уруулын хонхорт
  3. Хамрын угалзны гадна хэсэгт
  4. Төвөнхний хоёр талд
  5. Эгэмний дээд хонхорт
  6. Эрхий долоовор хурууны дунд
  7. Чихний арын төвгөр хөхлөг ургацагт
  8. Шилний хонхрын хоёр талд цэгэн иллэгийг хийхдээ заасан цэгт долоовор хурууны өндгөөр нэгэн жигд дунд зэргийн хүчээр дарах, нар зөв 3, нар буруу 3 удаа эргүүлж өдөрт 3-5 удаа тогтмол хийх хэрэгтэй.

Өвлийн улиралд агаарын бохирдол эрс нэмэгдэж ханиад улам хүндрүүлэх хүчин зүйл болдог гэж үздэг. Агаарын бохирдолтой энэ үед эрүүл мэндээ хэрхэн сэргийлэх ёстой вэ?

-Энэ нөхцөлд ялангуяа өглөө, орой буюу гадаад орчны агаар дахь бохирдуулах бодисын агууламж өндөртэй үед амны хаалт хэрэглэх нь агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс сэргийлэх боломжтой. Ажил амралтаа зөв зохицуулан сайн, унтаж амрах мөн шим тэжээл сайтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй. Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөнөөс сэргийлэхийн тулд илчлэг сайтай хоол, хүнсийг тогтмол хэрэглэх нь чухал. Насанд хүрсэн хүн хоолныхоо дараа өдөр бүр С, Е витамин уух нь уушгины өвчлөлөөс сэргийлэх ашиг тустай. Амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах, явган алхах, ууланд авирах зэрэг нь эрүүл мэндэд тустай. Шилмүүст ойд хоёр цаг хэртэй алхахад уушиг цэвэрлэгддэг. Уушиг цэвэрлэгдэж байгааг яаж мэдэх вэ? Гэхээр нус гоожоод шингэрч, хамар цээж онгойгоод эхэлдэг. Мөн биеэс хор гадагшлуулахын тулд шингэн зүйлийг маш сайн уух ёстой. Цэвэр бүлээн ус, аарц, аньс, нэрс, чацаргана зэрэг жимсний шүүсийг тогтмол уугаарай.

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …