Л.Оюунжаргал:Ирэх сарын 2-нээс эхлэн ихэнх нутгаар хүйтэрнэ

 

Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л. Оюунжаргал“Ойрын өдрүүдэд цаг агаарын эрс өөрчлөлт болох гэж байна. Гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байна.

2018 оны арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн нутгаар, 1-ний өдөр Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 28-30 метр, зарим үед 34 метр хүртэл ширүүсэж, хүчтэй салхи салхилж, Ховд, Увс, Завхан, Говь-Алтайн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.

Арванхоёрдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар хүйтэрнэ. Тухайлбал, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв, говь, зүүн аймгуудын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүртэл ширүүсэж, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурна.

2-ноос ихэнх нутгаар өмнөх хоногуудаас 10-20 градусаар хүйтний эрч эрс чангарна. Завхан голын эх, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна” гэв.

Цаг уур, орчны шинжилгээний газрын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас “Малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах.

Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг. Тиймээс жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг” Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …