Төв цэвэрлэх байгууламжийн тендерт олон улсын ХАР ЖАГСААЛТАД орсон компани ялах уу?

Манай нийслэлийн Төв цэвэрлэх байгууламж Улаанбаатар хот 230 орчим мянган хүн амтай байхад буюу 1964 онд ашиглалтад оржээ. Энэ цагаас хойш хагас зуун жил өнгөрөхөд нийслэлийн хүн ам зургаа дахин буюу 1,4 сая болсон ч цэвэрлэх байгууламжид ямар нэгэн өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдсэнгүй.ТиймээсТөв цэвэрлэх байгууламжийн даац хэтэрсэн, элэгдэж хоргодсон учраас нийслэлчүүд лагийн өмхий үнэрт эрүүл мэндээ хордуулсаар олон жилийн нүүр үзлээ. Харин гацаанд удсан цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх ажлыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл болох 300 сая ам.доллараар хийж гүйцэтгэхээр болж, энэ ажил гараанаас нэгэнт хөдөлсөн.

 ТЭЗҮ-ийг Францийн “Артела” компани гүйцэтгэж, хөрөнгө мөнгийг нь шийдсэн учраас 100 жилийн настай байгууламж барина гэсэн мэдээг нийслэлчүүд баяртай хүлээн авч, өндөр итгэл хүлээлгэж байсан нь өчигдөрхөн.

Харин саяхан Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан Хятадын талаас Төв цэвэрлэх байгууламжийн ажлыг гүйцэтгэх гурван компанийн нэрийг санал болгон ирүүлснийг нийтэд дэлгэлээ. Гэтэл тендерт шалгараад байгаа компаниуд нь олон улсын хар жагсаалтад орсон луйварчид байгаа нь олныг цочирдоход хүргэж, ард олны итгэл дээр ус асгав. Тэгэхээр бид өөрсдийн хүрээнд цуглуулсан мэдээллээ та бүхэнтэй хуваалцахаар зэхлээ.

Тендерт ялах магадлал бүхий, манай зарим эрх мэдэлтнээс дэмжлэгтэй хэмээн хардаж буй “Чайна Повер констракшн”, “Чайна Коммуникэйшн Констракшн”-ийн хамтарсан консерциум гэх нэр байна. Гэтэл “Чайна Коммуникэйшн Констракшн” нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Бангладеш улсад хэрэгжиж байгаа замын ажлын гүйцэтгэгчээр өөрийнхөө охин компани болох “China Harbour Engineering” компанийг оруулжээ. Харин тус компани нь тухайн орны зарим эрх мэдэлтнүүдтэй авлигын хэргээр сүлбэлдэж, 2018 онд Бангладешын хар дансны жагсаалтад орсон байна. Гэтэл үүнээс өмнө буюу 2011 онд тус улсын Ерөнхий сайд асан Khaleda Zia-гийн хүүд хээл хахууль өгсөн нь илэрсэн зэргээс үүдэж, тус улсад бүү хэл бусад оронд ч хөл тавих аргагүй болсон аж.  Мөнхүү Филиппин улсын замын ажил гүйцэтгэх явцад ёс суртахууны алдаа гаргаснаас болж Дэлхийн банкны хар жагсаалтад данслагдаж, 2009 оноос 2017 он хүртэл найман жилийн хугацаатай Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжих төслийг гүйцэтгэх эрхээ хасуулжээ.

Нөгөө талаас арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн “Өдрийн сонин”-ы дугаарт “Чайна повер констракшн” нь цэвэрлэх байгууламж гэхээсээ илүүтэй эрчим хүч, тэр дундаа дулааны цахилгаан станц барьж байжээ. Байгаль орчинд сөрөг нөлөөтэй дулааны цахилгаан станц барьдаг намтартай компани бөгөөд Монгол Улсад ямар нэгэн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явуулж байсан эсэх нь тодорхойгүй байна. Бид ийм компаниудаар Төв цэвэрлэх байгууламжийнхаа ажлыг гүйцэтгүүлнэ гэж оруулчихаад эцэст нь 300 сая ам.доллараа өөрсдөө төлнө гэдгээ сайн санах хэрэгтэй” хэмээн дурдсан байна.

Мөн Төмөр замын барилга угсралтын дөрөвдүгээр групп, “Чайна Тисижу сивил инженеринг” группийн хамтарсан консерциум тендерт өрсөлдөж байгаа хоёр дахь компани юм.

Тэгвэл Улаанбаатарыг Хөшигийн хөндийн Нисэх буудалтай холбох 32.2 километр урт, 31 метр өргөн хурдны зам барих ажлыг БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд 500 сая ам.долларыг Ерөнхий зээлийн хүрээнд авахаар 2011 онд гэрээ байгуулсны дагуу 2015 оны есдүгээр сарын 18-ны өдөр уг хэлэлцээрийг үндэслэн 140 сая ам.доллараар санхүүжүүлжээ.

Энэхүү хурдны замын тендерт “Чайна Тисижу сивил инженеринг”, БНХАУ-ын Төмөр замын  дөрөвдүгээр группийн хамтарсан консерциум шалгарч 140 сая ам.долларыг авчээ. Ингээд ЗТХЯ болон “CTCE Мон” ХХК хооронд Барилгын ажил гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулж, туслан гүйцэтгэгчээр дотоодын “Бадрах ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж капитал” ХХК ажиллаж ирсэн байна. Гэтэл энэ том бүтээн байгуулалтын ажлыг хүлээж авсан БНХАУ-ын төрийн өмчит компани Монголын туслан гүйцэтгэгч компаниудыг хохироож байж болзошгүй мэдээлэл бидэнд ирээд байна. Тодруулбал, гүйцэтгэлийн мөнгөө хугацаанд нь төлөөгүй, үүгээр ч зогсохгүй туслан гүйцэтгэгчид олгох санхүүжилтээс 22 хувийг суутгах авахаар тулгаж байгаа аж.

Өнөөх тендер өгвөл 10 хувийг өгнө гэдэг цайрсан авлигатай агаар нэгэн сонсогдохуйц. Гэхдээ 10 биш 22 хувь авахаар улайрч байгаа нь эрхгүй сонирхол татаж байна” гэсэн бол “Монгол компаниудыг хохироогоод зогсохгүй асар их авлигын сүлжээний эхлэл байж болзошгүй гэж хардахаар байна. Зөвхөн туслан гүйцэтгэгч компаниудаас есөн сая ам.доллар, төслийн санхүүжилтээс 30 гаруй сая ам.долларыг удирдлагын зардал гэж суутгах авах…” хэмээн “Толь” сонины 44 дэх долоо хоногийн дугаарт бичжээ. Эндээс харвал өмнөх луйврынх нь дуулиан дуусаагүй байхад манай улсын дараагийн томоохон ажилд орохоор нэрээ ирүүлсэн байгаа нь хэний ч дургүйг хүргэж таарна.

Үүнээс гадна “Өдрийн сонин”-ы арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн дугаарт “БНХАУ-ын Төмөр замын дөрөвдүгээр групп нь Улаанбаатараас Хөшгийн хөндий хүртэлх хурдны замыг барьж байгаа, мөн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвийг барьж байгаа юм билээ. Гэхдээ аль аль нь дуусаагүй, бүтээн байгуулалтын шатандаа яваа ч хэл амтай. Урьд өмнө Төв цэвэрлэх байгууламж барьж байсан туршлага алга” хэмээжээ.

Түүнчлэн тендерт өрсөлдөхөөр нэрээ ирүүлээд байгаа “Чайна гео инженеринг” корпорац нь Өндөр хааны чиглэлд 50 орчим километр зам тавиад хүлээж авах эсэх дээр гүйцэтгэл муу гэсэн үнэлгээ авсан учраас өдгөө Зам тээврийн яамтай шүүхийн шатанд маргаан дэгдээгээд явж байх жишээтэй.

Ийнхүү олон улсад хар жагсаалтад орсон, гүрэн дамжсан луйварчин компаниудыг олон жил хүсэн хүлээсэн Төв цэвэрлэх байгууламжийн ажилд гүйцэтгэгчээр оруулж болох уу. “Өдрийн сонин”-ы дугаарт дурдаснаар “300 сая ам.долларыг эргээд бид төлнө гэдгээ санах хэрэгтэй” болжээ. Хамгийн гол нь нийслэлчүүд бидний он удаан жил хүлээсэн ажил шүү дээ. Гэтэл тендерт оролцож байгаа гурван компанийн царай энэ.

С.Баяр

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …