УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн жагсаалыг өнөөдөр /2018.12.27/ Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн жагсаалыг нээж УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нарын гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:Монголчуудыгаа-30 хэмийн хүйтэнд олуулаа цуглахгүй гэж УИХ-ын дарга бодсон байх. Гэхдээ бид олуулаа цуглаж чадлаа. Өчигдрийн Монгол, өнөөдрийн Монгол өөр болж байна. Бид М.Энхболд гэдэг хүнтэй муудаад байгаадаа биш, ирэх 25 жилд байх тогтолцоогоо өөрчлөхийн төлөө тэмцэж байна.
Идэр есийн хүйтэнд 20 мянгуулаа цуглаж байна. Ард түмний хүч, албан тушаалтны дээр байдаг гэдгийг мэдэх жил байх ёстой. Шинэ 25 жил эхэлсэн байна. М.Энхболд даргаа таны эхнэртэй адил бүсгүйчүүд ирсэн байна, таны хүүхэдтэй адилхан залуус ирсэн байна. Эдгээр олон хүнийг гадаа бүү удаан хүлээлгэ. Даруй огцрох өргөдлөө өгөхийг шаардаж байна. Бид одоо Төрийн ордон руу орж, 48 цагийн шаардлагын хариуг авах гэж байна. Хэрэв хариу өгөхгүй бол эсэргүүцлийн хоёр дахь давлагааг орон даяар эхлүүлнэ. Суулт зарлана, цаашлаад тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Алтай Таван богдоос дорнын их тал хүртэл байгалийн баялгийг МАНАН бүлэглэл дээрэмдээд байна. Үүнийг буцааж авахын төлөө МАНАН-гийн эсрэг тэмцэнэ. Хууль, хяналтын байгууллагууд АТГ, прокурор, шүүхийнхэн МАНАН-гийн харьяат хүмүүс болсон. Бид нутаг, нам харгалзахгүйгээр монголчуудтайгаа нэгдэж тэмцэнэ. Шударга бусын хонгилыг нураана. МАНАН бол хуулиас дээгүүр хариуцлага хүлээдэггүй бүлэглэл. Чонотой нийлсэн нохой гэрийнхээ хот руу эргэж дайраад байдаг гэж өвгөчүүл ярьдаг. МАНАН бүлэглэл гадныхантай нийлж, байгалийн баялгаа цөлмөж, өөрсдөө авч байгаа. МАНАН бүлэглэл чонотой нийлсэн гэрийн нохой болжээ. Монголчууд нэгдэж нягтарсан үедээ л хүчирхэг байдаг. Монголчууд отго жинс үл харгалзан нэгдэж, Манжийн дарлалыг устгаж байсан юм шүү. Нягтарч, нэгдэх цаг болсон. М.Энхболд, Ц.Элбэгдорж тэргүүтэй МАНАН-гийн бүлэглэл Монголын хууль, хяналтынхныг гартаа авчихаад байна. МАНАН бүлэглэл хүчтэй юу, монгол түмэн хүчтэй юу гэдгийг харуулъя.
УИХ-ын даргыг огцрохыг шаардсан жагсаалд иргэний хөдөлгөөний, болон 100 гаруй төрийн бус байгууллагууд, урлаг соёл, спортын олны танил хүмүүс нэгдэж үзэл бодлоо илэрхийллээ.
Асашёорюү Д.Дагвадорж:Идэр есийн жавар тачигнасан хүйтэнд ард түмнээ хараад сэтгэл өндөр байна. М.Энхболд оо. Одоо ордноос гараад огцор. Бид арай дэндүү уужим сэтгэлтэй, арай дэндүү зөөлөн байна.
Дуучин Т.Дэлгэрмөрөн:Монголын баялаг, газар нутгийг дээрэмдэх гэсэн дээрэмчид үеийн үед байсан. Харамсалтай нь, энэ цаг үед эдгээр дээрэмчид биежиж, босоо ороолон болчихоод байна. Бид маш сахилга баттай байх ёстой. М.Энхболд одоо Монголын төрөөс зайлах цаг болсон.