Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан, Хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүд Хуульзүй, дотоод хэргийн яаманд албан санал хүргүүлээд байгаа билээ. Энэ талаар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяртай ярилцлаа.
-УЛСТӨРЧИД ЗӨВХӨН МАНАЙ САЛБАРТ ЗОРИУЛЖ ЭНЭ ЗААЛТЫГ ОРУУЛЖ ИРСЭН-
-Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт, хэвлэл мэдээллийн салбарын нэгдсэн ажлын хэсгээс санал хүргүүлээд байгаа. Энэ саналд тусгасан гол санаанууд юу байв?
-Хэвлэл мэдээллийн салбараас Зөрчлийн тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.21 заалт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг олон нийтэд эсхүл, мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэснийг хасах, Эрүүгийн хуульд буцаан оруулахгүй байх санал гаргасан. Бид энэ заалтыг ямар учраас хасах, яагаад эрүүгийн хуульд буцаан оруулж болохгүй шалтгаан үндэслэлүүдээ тайлбарласан. Манай салбарт энэ хуулийг нэг жил таван сар хэрэглэлээ. Энэ явцад 6.21 гэсэн заалт амьдралд уялдахгүй байгаа нь олон жишээн дээрээс нотлогдсон. Тэр болгоныг дурдалгүй, би танд гурван үндэслэл хэлье.
Нэгдүгээрт, энэ заалт нь эрхзүйн давхардлыг бий болгосон байна. “Гүтгэх” гэсэн асуудлыг Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд “Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах”, 497 дугаар зүйлд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр алдар хүндэд хууль бусаар санаа болон болгоомжгүйгээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгах үүрэгтэй” мөн хуулийн 511 дүгээр зүйлд “Бусдын нэр төр алдар хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийг бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэгтэй” хэмээн маш нарийн зохицуулсан. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулиар иргэний нэр төр, алдар хүндэд халдсан, гутаан доромжилсон бол тэр харилцааг зохицуулах заалттай.
Тийм учраас Зөрчлийн хууль дээр энэ заалтыг давхардуулж байлгах шаардлага байхгүй. Харин бид иргэддээ хуулиа сурталчлах хэрэгтэй. Хууль сурталчлах ажил бол төрийн ажил. Гэвч хэвлэл мэдээлэл сэтгүүлзүйн салбарынхан бид нийгмийн хариуцлагын хүрээнд иргэний хуулийн дээрх заалтуудыг олон нийтэд сурталчилъя, төр хамтраад оролцоод явах саналыг Хуульзүй, дотоод хэргийн яаманд бид тавьсан.
Хоёрдугаарт, Бид Үндсэн хуулийнхаа үзэл санаа агуулгыг Зөрчлийн хуулийн дээрх заалтаар зөрчиж байгаа. Үндсэн хуульд үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг тунхаглан заасан. Мөн хүн бүр шүүхийн өмнө тэгш эрхтэй гэсэн. Гэвч Зөрчлийн хуулийн дагуу шүүхгүйгээр яллаж байгаа. Монгол Улсын ардчиллын эрхэм дээд үнэт зүйл нь чөлөөт хэвлэл, чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэмээн хүн бүр ярьж байна. Энэ үгийг хамгийн их хэлэх дуртай хүмүүс бол эрх мэдэлтнүүд, улстөрчид. Гэвч тэр эрхэм дээд үнэт зүйлийг хамгаалах, хөгжүүлэхэд хэн анхаарч байна вэ. Одоо бүгд лоозогнож ярихаа болиод асуудлыг шийдье.
Хатуухан хэлэхэд, улстөрчид зөвхөн манай салбарт зориулж маш увайгүйгээр энэ заалтыг хийсэн. Тэд хоорондоо ярилцаж бодож боловсруулаад, гэтэх маягаар гэнэт парламент руу оруулж ирсэн шүү дээ. Бид ч тухайн үед мэдээлэл муутай байсан. Хувь хүнийг 100 сая, албан байгууллагыг 200 сая төгрөгөөр торгоно гэсэн заалттайгаар оруулж ирэхэд, торгуулийн хэмжээнд анхаарал хандуулж маргасаар байгаад хоёр сая, хорин сая болгоод гаргачихсан.
Гэтэл эндээс үүсэх нийгмийн болон эрхзүйн үр дагаврыг хэн ч тооцоолоогүй. Өнөөдөр бид Үндсэн хуулиа зөрчсөн энэ хуулийн заалтыг хэрэглэсээр байна.
Гуравдугаарт, НҮБ-ын Хүний эрхийн хорооноос Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19-р зүйлийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тайлбар зөвлөмж гаргасан. Үүнд, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах шаардлага шалтгааныг тодорхойлохдоо, хэд хэдэн зарчмыг баримтлахыг зөвлөсөн байдаг.
Ерөнхийлөн дурдвал тэдгээр зарчимд, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө болон сэтгүүлчийн аюулгүй байдалтай холбоотойгоор хэрэгжүүлж болох эс болох зөвлөмжүүдийг нарийн тодорхой гаргасан. Тухайлбал, Эрүүгийн хуулиас гүтгэлэг, доромжлолтой холбоотой заалтыг бүрэн халахыг сануулсан байдаг. 2015 оны есдүгээр сард Монгол Улс эдгээр зөвлөмжүүдийг бүрэн хэрэгжүүлэх үүрэг амлалт авч үүнийгээ Засгийн газрын 2016 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн Ерөнхий төлөвлөгөө батлах тухай 204-р тогтоолоор баталгаажуулсан. Монгол Улс нэгэнт хэрэгжүүлэх үүрэг амлалт авсан энэхүү зөвлөмжөө дагаж биелүүлэх учиртай. Эс бөгөөс олон улсын хэмжээнд Монгол Улсын нэр хүнд ямар нэгэн байдлаар сэв суух аюултай.
-Энэ хуулийн 6.21 гэсэн заалтаар шийтгүүлэгчдийн 90 хувь нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч нар байгаа гэсэн мэдээллийг прокуророос өгч байсан. Үүнээс харахад, хэвлэлийн салбарынханд л үйлчилдэг заалт мэт харагдаж байна?
-Би дээр хэлсэн шүү дээ. Бидэнд зориулсан хуулиа гэж. Энэ заалтын дагуу зөвхөн энэ оны эхний арван сард гэхэд, 374 зөрчил бүртгэж, 57 хүн хоёр хуулийн этгээд нийт 118 сая төгрөгөөр торгуулсан байна. Хэдийгээр торгуулаагүй боловч, амаа үдүүлсэн олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч маш олон байгаа. Өөрөөр хэлбэл, гарцаагүй торгуулах гээд ирэхээрээ эрх мэдэлтний аманд орж бууж өгсөн гэсэн үг. Өөрийнхөө бичсэн зүйл, үзэл бодлоо хамгаалахын төлөө тэмцэх боломжгүй болсон.
Зөрчлийн хуулийн хамгийн хэцүү зүйл бол хэргийг шүүхгүйгээр шийддэг. Энэ хүнийг шийтгэх үү, үгүй юу гэдгийг хорооны цагдаа мэддэг. Хорооны цагдаа бол маш эмзэг албан тушаал юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд харлаа. Дээрээс нь дүүргийн цагдаагийн дарга, мөрдөн тасгийн дарга ярихад л тушаалыг шууд гүйцэтгэж байгаа. Цагдаагийн ажилтан бол дээд албан тушаалтныхаа үүргийг ёсчлон биелүүлэх онцгой шинжтэй алба шүү дээ.
Жишээлбэл, мэдээллийн сайттай холбоотой гомдол Цагдаагийн ерөнхий газрын даргын нэр дээр ирж байгаа. Тэр дарга газрын дарга руу цохно, цаашаа дүүргийн цагдаагийн дарга руу гэх мэтээр цохож явсаар нэг байцаагчийг томилж байгаа юм. Гэтэл нөгөө байцаагч өөрийнхөө хамгийн том даргаас ирсэн үүргийг заавал биелүүлэх ёстой юм байна гэсэн тийм итгэл үнэмшилтэйгээр хэрэгт ханддаг.
Харин Иргэний хуулиар бол шүүх дээр очоод өөрийнхөө нотлох баримтуудыг хоёр талаас гаргаж ирээд, эрх тэгш мэтгэлцэж байж гэм буруутай эсэхээ тогтоолгодог.
-Магадгүй “гүтгэх” гэсэн заалтыг хуулиас авч хаячихаад, сэтгүүлч нар дураараа бусдыг гүтгэж нэр хүндэд нь халдах гэж байна гэсэн хардлага байж болох юм. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Сая бол би сэтгүүлчдийнхээ талаас ярилаа. Мэдээж бид асуудлыг хоёр талаас нь харж байгаа. Нэгдүгээрт, иргэдийн мэдэх эрхийг хангах суурь зарчмыг баримталж байгаа. Хоёрдугаарт, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа, эрхийг хамгаалах.
Энэ хууль хэрэгжсэнээр иргэдийн мэдэх эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа нь цагдаа дээр шийдэгдсэн олон тооны хэргээс харж болно. Би танд хоёрхон жишээ дурдъя. Архангай аймгийн томоохон албан тушаалтан нэг жилд 13 удаа төрийн зардлаар гадаадад зорчсон байгаа юм. Үүнийг сэтгүүлч шүүмжилж бичихдээ 15 орчим гээд биччихэж. Цагдаагаас “Чи 13 удаа зорчсон хүнийг 15 удаа зорчсон гэж гүтгэжээ” гээд хоёр саяар торгочихсон.
Хоёр дахь жишээ, сэтгүүлч төрийн албаны томилгоотой холбоотойгоор олон жилийн өмнө сонинд гарсан материалаас эх сурвалж аваад, мэдээлэл гаргасан. Урьд нь авлигын хэрэгт холбогдож байсан хүнийг илүү өндөр албан тушаалд томилж болдог юм уу гэсэн санааг илэрхийлсэн. Гэтэл цагдаагаас тэр сэтгүүлчийг торгосон. Цагдаагийн ажилтан сэтгүүлчээс тухайн сониноо олж ирэхийг шаардсан байдаг юм. Сонингоо аваад иртэл сэтгүүлчээ олж ир гэсэн. Сэтгүүлчээ олоод иртэл тэр сэтгүүлчээс арван жилийн өмнө сонинд нийтэлсэн мэдээллийнхээ диктафоны бичлэгийг авч ир гэж шаарджээ. Тэрийг гаргаж өгч чадаагүй учраас хоёр саяар торгосон байгаа.
Ийм л завхрал үүсчээ. Энэ байдлаас харахад, зөвхөн сэтгүүлчийн эрх ашиг зөрчигдөөд өнгөрсөн биш иргэдийн мэдэх эрхэнд ноцтой аюул үүссэн нь тодорхой харагдаж байгаа биз дээ.
-САЛБАРЫН ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН СИСТЕМ ЗӨВ ГЭДЭГ НЬ ХАРАГДАЖ БАЙНА-
-Зөрчлийн хуулиас “гүтгэх” заалтыг хасаж болох ч Эрүүгийн хуульд оруулах тухай санал Хуульзүй, дотоод хэргийн яамны ажлын хэсгээс гарсан гэдгийг дэд сайд мэдээлсэн шүү дээ. Хэрвээ Эрүүгийн хуульд энэ заалтыг буцаагаад оруулбал ямар сөрөг үр дүн гарч болох вэ?
-Бид арванхоёрдугаар сарын 24-ний өдөр, Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяртай уулзсан. Сайдын зүгээс, энэ заалтыг Эрүүгийн хуульд буцааж оруулах чиглэл барьж байгаа гэж мэдээлсэн. Сэтгүүлчтэй холбоотой асуудлыг иргэний хуулиар зохицуулаад явж болох ч, сошлд хуурамч хаяг ашиглаад зохион байгуулалттайгаар хэн нэгнийг гүтгэн доромжилсон, тэр битгий хэл үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэрэг зөрчил гарч байгаа энэ нөхцөлд иргэний журмаар асуудлыг шийдвэрлэх боломжгүй байгаа гэсэн тайлбар хийсэн. Бидний хувьд Эрүүгийн хуульд буцааж оруулж болохгүй гэсэн хатуу байр сууриа илэрхийлсэн.
Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх зохион байгуулалттай гэмт хэрэг гарч байгаа бол энэ асуудал бүрт тохирсон заалтууд Эрүүгийн хуульд бий. Хэрвээ үнэхээр тийм асуудал байдаг юм бол заавал хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө рүү халдсан ерөнхий заалт оруулах шаардлага байхгүй. Гэвч дэд сайдын хэлж байгаа үгэн дотроос нэг авах зүйл бий. Хэвлэл мэдээлэл сэтгүүлзүйн салбараас гадна гүтгэх асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал байгаа юм билээ. Тэгвэл яг тэр харилцаагаа л зохицуулах нь зүйтэй шүү дээ. Манай салбарын хувьд Иргэний хуулийн дагуу шүүх дээр очоод гомдол гаргагч иргэн, хариуцагч хэвлэл мэдээллийн байгууллагууд хоёр талаас баримтаа гаргаад асуудлаа шийдэх бүрэн боломжтой.
-Хуульзүй, дотоод хэргийн дэд сайдтай хийсэн уулзалтаас ямар нэгэн үр дүн гарсан уу?
-Дэд сайд маань Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн дарга шүү дээ. Бидний уулзалтаас гурван томоохон үр дүн гарсан.Нэгдүгээрт, Зөрчлийн тухай хуулиас 6.21 дүгээр заалтыг хасахтай санал нэгдсэн.Хоёрдугаарт, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг, Эрүүгийн хэрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг боловсруулах ажлын хэсгүүдэд манай салбараас тодорхой төлөөлөл оруулж ажиллах боломж бүрдсэн. Гуравдугаарт, иргэдэд хууль сурталчлах, соён гэгээрүүлэх ажилд салбарынхан хамтран ажиллахад санал нэгдсэн.
-Хэрвээ сэтгүүлч ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд заавал торгуулах, яллах хэлбэрээр биш, салбар дотроо асуудлыг зөөлөн аргаар шийдвэрлээд явах боломж бий юу?
-Бүрэн боломжтой. Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдаад дөрвөн жил ажиллаж байна. Энэ хугацаанд, сэтгүүлчийн ёсзүй, сэтгүүлзүйн бүтээлтэй холбоотой 243 санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн байдаг. Хэрэв эдгээр гомдлуудыг шүүх цагдаагийн байгууллагаар шийдсэн бол төрөөс гарах зардал, хүн хүч, цаг хугацааны асуудал гарч ирнэ. Харин эдгээр гомдлыг Хэвлэл мэдээллийн зөвлөл өөрийнхөө хөрөнгө хүчээр хийсэн гэсэн үг. Төрийн ажлыг өмнөөс нь хийсэн байгаа биз.
Үүнээс харахад, салбарын өөрийн зохицуулалтын систем зөв гэдэг нь харагдаж байна.
-Өнөөдөр сэтгүүлзүйн мэргэжлийн ёсзүй ямар түвшинд байна вэ? Олон нийтийн зүгээс сэтгүүлчдийг үнэлэх үнэлэмж маш доогуур байх шиг?
-Би энэ тал дээр мэргэжлийн сэтгүүлчдээ өмөөрнө. Мэргэжлийн түвшинд ажилладаг, эрдэм боловсрол хөөсөн, зэрэг цолоо авсан, олон жилийн туршлагатай сэтгүүлч хүн ёсзүйн алдаа гаргасан тохиолдол байна уу. Хүн л юм чинь алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй. Гэвч зориудаар мэргэжлийн ёсзүйн алдаа гаргаж хүн гүтгэх, доромжлох үйлдэл байхгүй гэж хэлнэ. Та мэргэжлийн сэтгүүлчдийн хувьд асуусан учраас би ингэж хариулж байна. Сэтгүүлзүйн нэр хүнд унасан нь үнэн л дээ. Юунаас болов гэдгийг эргээд харъя.
Өнөөдөр сэтгүүлзүйн их дээд сургуулиудаас олон тооны сэтгүүлч мэргэжилтэй залуус төрөн гарч байна. Яалт ч үгүй сэтгүүлчийн мэргэжлийн диплом өвөртлөөд ирж байгаа юм. Тэгээд өөрийгөө сэтгүүлч гэж нэрлээд, сэтгүүлчийн хувьд гэж ирээд л сошлдож гарна даа. Яг энд зөрчил үүсч байгаа юм. Сургуулиа төгсөөд ирсэн залуучуудыг мэргэжлийн редакци дээр нэгээс хоёр жил нухаж байж л сэтгүүлчийн дөртэй болгож байгаа. Энэ бол гашуун боловч үнэн. Тиймээс дөнгөж төгссөн шинэхэн боловсон хүчнийг салбар нь өөрөө өлгийдөж авах, сэтгүүлчийн ёсзүй суулгах, дадлагажуулах, мэргэшүүлэх энэ үйл ажиллагааг бид редакцидаа, салбарын түвшинд бодлогоор хийх шаардлагатай юм. Жишээлбэл, би инженерээр төгсөнгүүтээ барилга дээр очоод барилга барина гэвэл “Уучлаарай” гээд хөөгөөд явуулна биз дээ. Бид ч бас үүнтэй яг ижил зарчмаар ажиллах ёстой. Хэрвээ тухайн хүн сэтгүүлч дипломтой ч мэргэжлээрээ ажиллаагүй, дадлага туршлага суугаагүй бол та сэтгүүлч биш гэж хэлмээр байна. Бид хатууд хатуу, зөөлөнд зөөлөн байх ёстой.
-Энэ ялгааг хэрхэн яаж, зааглах ёстой юм бол?
-Үүний тулд сэтгүүлзүйн мэргэшлийн зэрэг гэдгийг гаргаж ирэх ёстой. Бакалавр, магистр, докторын зэрэгтэй сэтгүүлч гэдэг бол боловсролын зэргийн асуудал яригдаж байна. Энэ бол БСШУСЯ-ны буюу боловсролын салбарын асуудал. Их дээд сургуулиуд маань боловсролын зэргээ олгоод л явж байна. Харин мэргэшлийн зэрэг гэдэг бол цэвэр манай салбарын асуудал. Санхүүгийн салбарт гэхэд, Мэргэшсэн нягтлан бодогчдын институт гэдэг том байгууллага байдаг. Нягтлан бодогчоор төгссөн хүн, тодорхой цаг хугацаа, мэдлэгийн шалгуураар мэргэшсэн нягтлан бодогч болж байна. Дараа нь аудит болж байна. Дээшлэх тусам тэр хүн шалгуур давж, маш нарийн шүүлтүүрээр аудит хийх эрхээ авдаг.
Хуулийн салбарт, хуулийн сургууль төгссөн хүн эрхзүйч мэргэжилтэй болно. Эрхзүйч тодорхой хугацаанд ажиллаад, Хуульчдын холбоонд шалгалт өгч байж тэнцвэл хуульчийн үнэмлэхээ авна. Одоо л энэ хүн хуульч болж байгаа юм. Түүнээс цааш дахиад сурч байж, шалгалт өгч байж өмгөөлөгч болно гэх мэтээр цаашаа маш өндөр хэмжээнд бэлтгэгдэж байж хүний хувь заяаг шийдэж байна. Шүүгч, прокурор маш өндөр босго давж байж тэр албан тушаалд томилогдож байна шүү дээ. Харин манай салбарт, сургууль төгссөн хүн бүхэн диктафон бариад гүйгээд эхэлдэг. Гүйхийг нь зөвшөөрч байгаа ч үүнийг мэргэжлийн сэтгүүлзүй гэж нэрлэж болохгүй.
Тийм учраас сэтгүүлчдэд “Мэргэшсэн сэтгүүлч” гэсэн үнэмлэх өгөх ёстой. Төгсөөд гурван жил ажилласан хүнээс шалгалт аваад, ядаж л зөв бичих дүрэм, мэдээ боловсруулалт, салбарынхаа ёсзүйн код зэрэг мэргэжлийн үйл ажиллагааны талаар мэдлэгийг шалгаж, нягталж байж мэргэшлийн үнэмлэх олгоё. Шүүгч, хуульчид бусдын амьдралын хувь заяаг шийддэг шиг, бид хүмүүсийн алдар, нэр хүндийн хувь заяаг шийддэг. Бид нийгмийн оюун санааг залах, соён гэгээрүүлэх, шударга байх, ард иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үзэл санааг хэрэгжүүлэх, чөлөөт хэвлэлийг сахин хамгаалах үүрэг хүлээдэг. Бид чинь нийгмийн өмнө маш том үүрэг хариуцлага хүлээсэн мэргэжилтэй хүмүүс шүү дээ. Тиймээс бид ямар ч шалгуургүйгээр цаашаа явж болохгүй гэж би үздэг. Энэ асуудлыг энэ жилдээ багтаад салбарын хэмжээнд гаргаж тавина. Олон талаас нь ярилцана. Олон удаагийн хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулна. Тэгж байж шийднэ л дээ.
-МЭРГЭШСЭН СЭТГҮҮЛЧ, МЭРГЭШСЭН РЕДАКТОРЫН ЖИШИГ ЦАЛИНГ ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ-
-Мэргэшлийн зэргийг ямар байгууллага олгох юм? Хэзээ ажил хэрэг болох. Ийм эрхзүйн орчин байна уу?
-МСНЭ өөрөө энэ ажлыг хариуцаж хийх ёстой. Би ийм байр суурьтай байгаа. Мэргэшлийн зэрэг олгох комиссыг нь маш нарийн шалгуураар бүрдүүлээд ажлаа эхлэх хэрэгтэй. Би цааш нь мэргэшлийн зэрэг олгох санаагаа тантай хуваалцъя л даа. За мэргэшсэн сэтгүүлчийн үнэмлэхээ авчихлаа. Тэгвэл тодорхой хугацааны дараа редактор, эрхлэгч, албаны даргын түвшинд ажилласан сэтгүүлчээс дахин шалгалт аваад мэргэшсэн редакторын зэрэг өгөх ёстой. Үүнийг дагуулаад мэргэшсэн сэтгүүлч, мэргэшсэн редакторын жишиг цалингийн хэмжээг зарлах хэрэгтэй. Тэгвэл мэргэжлийн хариуцлага нэмэгдэнэ, бид сэтгүүлчийнхээ мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлж чадна. Бүр “Зөвлөх редактор” гэсэн мэргэшлийн зэргийг ч бид гаргах хэрэгтэй байгаа юм. Ингэж байж бид иргэний сэтгэгдлийг мэргэжлийн сэтгүүлчийн бүтээлээс ялгаж чадна. Мэргэжлийн сэтгүүлчийн нийгэм дэх үнэлэмжийг дээшлүүлнэ. Иргэд ч сошлд бичиж байгаа болгон сэтгүүлч биш юм байна гэдгийг ойлгоно шүү дээ.
-Ингээд ярихаар бидэнд дахиад л эрхзүйн орчин шаардагдаж байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэж болох вэ?
-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл сэтгүүлч нарт мэргэшлийн үнэмлэх олгоно гэхээр түүнийг зөвшөөрсөн хуулийн заалт байхгүй. Нөгөө сошлчид ч мөн дэмжихгүй тал бий. Гэхдээ үүнийг хийхээс өөр арга байхгүй. Тиймээс бид нар салбар дотроо эхлээд олон талаас нь маш сайн ярилцаж нэгдсэн ойлголтод хүрэх, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байгаа юм. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, манай салбараас томоохон бүтэцтэйгээр ажлын хэсэгт орж ажиллахаар болсон. Энэ хуулиндаа л тусгах ёстой л доо.
-Нөгөө талаас сэтгүүлчийн ёс зүйн асуудлын хажуугаар хэвлэл мэдээллийн хэрэгслийн чанарын асуудал яригдаж байна. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
-Миний одоо хэлэх үгэнд хэвлэлийнхэн маань гомдож магадгүй. Гэхдээ үнэнийг хэлэхээс өөр аргагүй. Монголд хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо утгаа алдсан. Зах зээлийн жамаараа бий болсон хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо нийт тоотой харьцуулбал цөөнх болсон шүү. Өөрөөр хэлбэл, медиа салбарт дуртай ч юмуу, сэтгүүлч мэргэжилдээ хайртай учраас, энэ салбараас хоол олж идэхийн төлөө, чөлөөт хэвлэлийн хөгжлийн төлөө зүтгэж, ухамсарлаж байгаа хэсэг нь цөөнх болсон. Энэ бол гашуун боловч үнэн.
Яагаад ийм болсон бэ гэхээр, улстөрчид болон томоохон бизнесийн салбарынхан манайх руу урсан орж ирсэн. Бизнесийнхнийг буруутгах аргагүй. Хэвлэл мэдээлэл өөрөө бизнес шүү дээ. Гэхдээ үүнд нарийн зохицуулалт хэрэгтэй. Томоохон бизнесийн байгууллагууд бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдаад авчихвал юу болох вэ. Тэнцвэрт байдал алдагдахад хүрнэ. Энэ харилцааг хуулиар зохицуулаагүй нээлттэй хэвээр байгаа. Үүнийг нэн даруй хуулиар зохицуулах ёстой.
Маш буруу буюу гажуудал үүсгэж байгаа нэг асуудал нь улстөрчид олноороо хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулж байна. Тэд ихэнх нь хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй дээ. Ямар мөнгөөр хэвлэл мэдээллийн хэрэгслийг санхүүжүүлж байгаа вэ гэж улс төрчөөс асуувал юу гэж хариулах бол. Та бод доо. Энэ бол жинхэнэ аюул шүү. Үүнтэй хатуу тэмцэх ёстой. Хэвлэл мэдээллийн байгууллагын санхүүжилт, эзэмшигчийг ил тод болгох хэрэгтэй. Ер нь олон нийтэд мэдээлэл хүргэх үйлчилгээ үзүүлж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тайлан балансыг олон нийтэд ил тод болгохыг ч болохгүй гэх газаргүй. Өөрөөр хэлбэл хэн, ямар хөрөнгийн эх үүсвэрээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллуулж байгааг иргэд мэдэх эрхтэй. Үүний дараа жинхэнэ утгаараа бид салбарын жам ёсны хөгжлийг ярих бололцоо үүснэ.
Манай улс төрчид нэг тэнэг бодол тээж явдаг. Би нэг сайттай, эсвэл телевизтэй болохгүй бол гөвүүлээд байна гэж бодоод хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гар дүрж байна. Ихэнх телевиз, сайтууд улс төрийн санхүүжилттэй явж байгааг би мэднэ. Яахав улстөрч хүн иргэн хүнийхээ хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болно. Үүнийг хориглож болохгүй. Гэхдээ нэрээ зарла, хөрөнгийн эх үүсвэрээ нотол.
-Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хөрөнгө оруулагчаа ил тод зарлах ёстой гэсэн хуулийн заалт өнөөдөр байхгүй шүү дээ. Дахиад л эрхзүйн орчин дутагдаж байна?
-Яг энэ асуудлыг бид Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд тусгахын төлөө ажиллана. Улстөрд явж байгаа бүх хүн бидэнд ингэж хандаж байгаа гэж үзэхгүй байна л даа. Зөв талаас нь харж байгаа, эх орноо гэсэн сэтгэлтэй, ёс зүйтэй улстөрчид маань энэ асуудалд сэтгэл, зүтгэл гаргаарай гэж хүсье. Маш увайгүйгээр хэвлэл мэдээллийг, сэтгүүлчдийг худалдаж авахыг оролдож байгаа тохиолдлууд байгаа нь үнэн шүү. Тэр битгий хэл эзнийг нь өөрөөсөө санхүүгийн хараат болгож, түүний хэвлэлийг зорилгодоо ашиглах явдал ч байгаа шүү. Гэх мэтчилэн хэвлэлийн эрх чөлөөнд заналхийлж байгаа аливаа үйлдлийг нэн түрүүнд хуулийн дагуу хязгаарлах ёстой. Хэвлэлийг худалдаж аваад өөртөө үйлчлүүлнэ, сэтгүүлчийг хэдэн төгрөгөөр хуураад хүслээ гүйцэлдүүлнэ гэж бодож сэтгэж байгаа улс төрчид байвал нэг зүйлийг сануулж хэлье. Цаашдаа та бүхэн сайт, сонин, телевизийн ард нуугдаж, сэтгүүлчдээр гул барьж, хүссэн хүнээ доромжилж, улс төрийн өшөө авалт хийж чадахгүй ээ. Цаашид тухайн сайт дээр гарч байгаа мэдээ болгон чиний нүүрээр ард түмэнд очих болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ медиа салбарт хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол үүнийгээ сайн бодож хийгээрэй. УИХ-ын гишүүд хүч түрээд бид энэ заалтыг хуульд оруулахгүй гэж эсэргүүцэж, унагаахыг оролдож магадгүй. Тэгвэл та нар 75-уулаа, бид бол дөрвөн мянгуулаа шүү. Энэ хуулийн заалтыг заавал оруулах болно. Ингэж байж Монгол Улс цаашдаа хөгжинө. Дахиад хэлье, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьцаа эзэмшигч, санхүүжилтийн эх үүсвэрийг ил болгох цаг нь болсон шүү. Сэтгүүлч, редакц, хувьцаа эзэмшигчийн хоорондын харилцааг маш нарийн зохицуулах цаг нь болсон. Энэ бол хэдэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн асуудал биш. Монгол Улсын ардчиллын суурь асуудал гэдгийг бид хаа хаанаа ойлгох ёстой.
-Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудал болон мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах эрхзүйн боломж бололцоог хангах талаар анхаарч ажиллаж байгаад олон хүн таатай хандаж байгаа байх. Ирэх онд эвлэлээс ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
-Он гармагц “Дэлхийн Монгол сэтгүүлч” мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөрийг өргөн хүрээтэй хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрийн хүрээнд, яам бүхэнд тухайн салбарын мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх клуб байгуулах санаачилга гаргаад явж байгаа. Өнгөрч байгаа 2018 онд бид сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын эхлэлийг тавьсан. Сэтгүүлч ордноо барьж байгуулах газрын асуудлыг шийдвэрлэсэн, санхүүжилтын асуудлыг шийдвэрлэхээр хөөцөлдөөд явж байна. 1000 сэтгүүлчийн орон сууцны асуудлыг гараанаас нь хөдөлгөж чадлаа. Бид ирэх оныг Хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын гадаад харилцааны жил болгон зарласан. Гадаад харилцааны жилийн хүрээнд дэлхийн хорь гаруй оронд аялж ажиллах “Медиа тур” хэмээх маш сайхан төсөл хэрэгжүүлнэ. Салбарынхаа гадаад харилцааг өргөжүүлэх, улс орноо сурталчлах, аялал жуулчлалын салбарт шинэ шан татах зорилгыг бид Медиа тур төслөөрөө дамжуулан хэрэгжүүлэх санаачилга гаргаад явж байна. 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар тун удахгүй дэлгэрэнгүй ярих болно.
Ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
Б.ТУЯА