Mongolia’s Next Top Model /MNTM/ нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг байсан загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ аравдугаар сарын 24-нд 17.25 цагт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр KH apartment хотхонд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Хэрэг гарснаас хойш талийгаач Ч.Ч.Чамин-Эрдэнийн ар гэрийнхэн анх удаагаа “Охидын Түүх” ТББ-тай хамтран мэдээлэл хийлээ.
Талийгаачийн ээж Ч.Чимгээ “Охины минь хэргийг хаах гэж байсан хуулийн байгууллагад гомдолтой байна. Хэргийг хаалгахгүйн тулд Р.Булгамаа, Р.Баярмагнай өмгөөлөгч нар надад том туслалцаа үзүүллээ. Цагдаагийн байгууллагаас охиныг минь амиа хорлосон болгож хэргийг хаахаар зүтгэж байна. Би үүнтэй санал нийлэхгүй.Яаж ч бодсон 20 см хэмжээтэй цонхоор ямар ч хүн багтахгүй. Гэтэл охиныг минь амиа хорлосон болголоо. Хан-Уул дүүргийн цагдаа нар охиныг минь судалж, гэмт хэрэгтэн болгох гэж үзлээ.
Хоёрдугаарт, Э.Одонтунгалагийн ээж яагаад манийн ерөөлөө тайлбарлахгүй байгаа юм. Э.Одонтунгалаг тэмцээний үеэр миний охиныг дарамталж байсан гэдгийг охин минь хэлж байсан. Миний охин түүнийг харахаараа айдаг байсан гэдгээ надад хэлж байсан.Энэ бол баттай. Би охиндоо итгэдэг
Охин минь худлаа ярихгүй. Шударга, хэлнэ гэснээ хэлдэг, эрүүл чийрэг биетэй, цовоо сэргэлэн охин байсан. Гэтэл цагдаагийнхан хар тамхитай холбох гэж байна.Миний охин хэзээ ч тийм байгаагүй. Анх 16 настайдаа Ю.Нэмэхбаяртай үерхсэн. Гэвч тэр хүн одоог хүртэл олдохгүй байгаа.
Тэр залуу утсаар ярилгүй алга болж, 49 хоног дээр нь зул ч өргөөгүй. Би түүнийг энэ хэрэгт сэжиглэж байгаа. Цагдаагийн байгууллагаас яагаад түүнийг шалгахгүй байгаа юм. Шүүхийн байгууллага худлаа шинжилгээ гаргаж өмсөж явсан подволкыг нь хүртэл сольсон байсан.Би шүүхийн шинжилгээний дүгнэлтэд итгэхгүй. Ю.Нэмэхбаяр, Э.Одонтунгалаг нартай хатуу тооцоо бодно. Энэ хоёроос охиныхоо амийг нэхнэ” гэсэн юм.
Үүний дараа талийгаачийн үеэл дүү А.Лхамноржин “Миний эгч хүмүүжил төлөвшилтэй, эрүүл саруул, шулуун шударга зарчимч охин байсан. Зарим мэдээллийн хэрэгслээр миний эгчийг хар тамхичин, хүмүүжлийн доголтой байсан нэгэн мэтээр доромжилж байна. Ааш зангийн хувьд нээлттэй, ээж эмээдээ халамжтай, сэргэлэн цовоо охин байсан” гэлээ.
“Охидын Түүх” ТББ-ын тэргүүн Д.Нямдаваа“Энэ хэргийг өмгөөлнө гэж гэрээ хийсэн Монголын өмгөөлөгч нарын холбооны гишүүн Ганбат, Тамир нар урьдчилгаа болгон авсан хоёр сая төгрөгөө буцааж өгнө үү.Хэрэг дээр огт ажиллаагүй. Ажиллана гээд таг алга болсон. Харин энэ хэргийг хаагдахаас өмнө тусалж буй өмгөөлөгч Р.Булгамаа, Р.Баярмагнай нарт баярлалаа”гэв.