Төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад дээд тал нь 36 сарын үндсэн цалин олгоно

Засгийн газрын энэ сарын 9-ны өдөр хуралдсан ээлжит хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчтай холбоотой журмуудын төслийг хэлэлцэн баталлаа.

Төрийн албан хаагчид мөнгөн болон материаллаг хэлбэрээр шагнал, мөнгөн урамшуулал олгоно. Тухайлбал эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах, Монгол Улсын цол, төрийн дээд одон, медаль, Засгийн газар болон төрийн байгууллагын шагналд тодорхойлох, улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгохоор журамд тусгажээ.


Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ тухайн албан хаагчийн 36 сарын үндсэн цалингаас ихгүй байхаар тогтлоо.

Мөн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүргээ гүйцэтгэх явцад амь нас нь хохирсон бол 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгох юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн багш, туслах багшид ажлын үр дүнг нь харгалзан сарын үндсэн цалингийн 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгоно.

Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуулийн ажилтнууд үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр авч байх юм.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилтнууд мөн үндсэн цалингийн 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгоно.

Түүнчлэн төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсний цалин, урамшуулалтай холбоотой журмыг баталлаа.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …