Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Энэхүү хуралдаанаар эмч нарын цалинг 21.3-47.1 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл“Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.2018 оны 9-р сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэгдсэн. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын хамгийн их ачааллыг нуруундаа үүрдэг сувилагчдын цалинг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн. Үүний үр дүнд сувилагч нар 127-183 мянган төгрөгөөр цалингаа нэмэгдүүлсэн.
Харин эмч нар маань цалингийн нэмэгдлээ хүлээж байсан. Өнөөдөр эмч нарын цалингийн шатлал 4-5 шатлалд байсан. Дөнгөж сая Засгийн газрын ээлжит хуралдаанаар эмч нарын цалингийн сүлжээний шатлалыг 6-7 шатанд авчирлаа. Өөрөөр хэлбэл эмч нарын цалин 21.3-47.1 хувиар нэмэгдэж байна. Мөнгөн дүнгээр тооцвол 122-273 мянгаар нэмэгдлээ.
Сувилагч нарын цалинг нэмэхэд зарим мэргэжлийн хүмүүсийн цалингийн нэмэгдэл орхигдсон байсан. Тухайлбал, сонсгол засалч, дүрс оношилгооны техникч, хоол зүйч, эм найруулагч, сэргээн засахын мэргэжилтэн, эмгэг судлалын туслан ажилтан, эрүүл мэндийн мэдээллийн техник нарын цалингийн сүлжээний шатлалыг нэмэгдүүллээ.Түргэн тусламжийн 511 жолооч 400,000 гаруй төгрөгийн цалин авч байсныг 142,928 төгрөгөөр нэмэгдүүллээ.Нийтдээ 8,696 хүн шатлал ахиж, үүн дээрээ ажилласан жил, ур чадвар, жижүүр, үр дүнгийн шагнал нэмэгдэнэ.Эмч нарын цалингийн нэмэгдлийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс тооцож олгоно” гэв.
Г.Нараа