Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний талаар нийслэлийн Цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга, дэд хурандаа н.Батболд, нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, НОБГ-ын дэд дарга Н.Нямхорлоо, НМХГ-ын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Лхагважаргал нар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга, дэд хурандаа н.Батболд: Нийслэлийн хэмжээнд дээрэмдэх болон хулгайлах хэрэг үйлдэгдэж болзошгүй 310 эмзэг цэгийг тодорхойлж, 1200 цагдаагийн албан хаагч эргүүл хийн ажиллаж байна. Иргэд баярын үеэр гэрээ олон хоногоор орхих тохиолдолд хороо хариуцсан цагдаад мэдэгдэж, бүртгүүлвэл, хяналтад авч ажиллана. Сар шинийн баярын үеэр цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Лхагважаргал: Тээврийн хэрэгслийг энэ сарын 26, 27 болон хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд улсын дугаарын тэгш сондгойгоор нь ялгаж хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг нэгдүгээр сарын 26, хоёрдугаар сарын 2-ны бямба гарагуудад, тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг нэгдүгээр сарын 27, хоёрдугаар сарын 3-ны ням гарагдуудад хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болсон. Мөн дэнжийн мянгын Хүчит шонхор худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойшоогоо нэг чигийн хөдөлгөөнд орно. Тээврийн цагдаагийн албанаас энэ өдрүүдэд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах учир ямар нэгэн байдлаар санаатай, санаангүйгээр алдаа гаргахгүй байхыг хүсье.
НОБГ-ын дэд дарга Н.Нямхорлоо: Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэд олноороо цугнлардаг сүм хийдүүдээс эхлээд шалгалт, хяналтыг хийж эхлээд байна. Он гарсаар нийслэлийн хэмжээнд 263 удаагийн гал түймрийн дуудлага ирсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өссөн байна. Онцгой байдлын газар хүчлэн хамгаалалт буву өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа: Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихтэй байна. Иргэдэд анхааруулж хэлэхэлд сар шинийн баяраар бага насны хүүхдээ айлаар авч явахгүй баймаар байна. Зайлшгүй тохиолдолд маск зүүлгэж, дулаан хувцаслаж авч явах хэрэгтэй. Мөн гэртээ ирсэнийхээ дараа ариутгал хийж, дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг хэрэглүүлэх хэрэгтэй. Мөн сар шинийн баяраар хоолны хордлого ихээр илэрдэг тул зөв зохистой хооллож, архи согтууруулах ундааг хэтрүүлэхгүй хэрэглэх хэрэгтэй.