Цагдаагийн ерөнхий газраас загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ, Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид амиа алдсан 19 настай байлдагч А-гийн хэргийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонжаргал амиа алдсан 19 настай байлдагч А-гийн хэргийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр”Дорноговь аймгийн шинжээч талийгаачийг”Биедээ ил харагдах гэмтэл шархгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан. Гэхдээ бид дахин үзлэг хийхээр зохион байгуулалтыг хийж байна. Тухайн өдөр цэргийн ангид юу болсон талаар цэргүүд, гэрчээс тодруулга авсан.
Бэлтгэл сургуулилтын үеэр ээлжийн ахлагч тухайн цэрэгт гар хүрсэн үйлдэл нь бичлэгт хадгалагдсан. Энэ нь амь нас хохироход нөлөөлсөн эсэхийг тогтоохоор ажиллаж байна”гэлээ.
Үүний дараа “Mongolia’s next top model” /MNTM/ нэвтрүүлэгт оролцож байсан талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэргийн талаар мэдээллээ.
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо KH apartment хотхоны ард байрлах хоосон хашаанд 2018 оны 10-р сарын 24-ны өдөр Ч.Чамин-Эрдэнийн цогцос олдсон хэргийн шалгалтын ажиллагаа дууссан. Шалгалтын ажиллагаа дууссан тухай эрүүгийн хэргийн хохирогчид мэдээлж хавтаст хэргийн материалтай танилцаж эхлээд байна. Өчигдрөөс эхлэн хохирогчийн өмгөөлөгч нар хавтас хэргийн материалтай биечлэн танилцаж эхлээд байна.
Хохирогч Ч.Чамин-Эрдэнийн хэргийн талаар нэлээд өргөн хүрээнд гурван сарын хугацаанд шалгаж ажиллаа. Энэ хугацаанд хохирогчийн ээж Ч.Чимгээгийн гаргасан хүсэлтийг шалгаж үзсэн.
Цагдаа нар хэргийг бүрэн шалгахгүй байгаа, өндөр албан тушаалтны хүүхэд холбогдсон зэрэг олон нийтийн сүлжээгээр яваад байгаачлан цагдаагийн байгууллага бусдын нөлөөнд автаж, нотлох баримтыг нууж хаасан зүйл огт байхгүй.
Францад байгаа Ч. Гэрэлхүү гэдэг иргэн дөрвөн хүн виски бариад орсон тухай мэдээлэл өгсөн. Ерөнхий сайд мөн энэ чиглэлээр анхаарч, шалгах үүрэг өгсөн. Тиймээс цагдаагийн байгууллага энэ мэдээллийн дагуу хэргийг үргэлжлүүлэн шалгахаар төлөвлөж байна”гэж мэдэгдлээ.