Мэргэжлийн боксын рингэд хүч үзэж буй Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт хөнгөн жингийн дэлхийн аваргын төлөө Доминикан улсын боксчин Клаудио Марреротой тулалдаж ялалт байгууллаа. Тоглолт АНУ-ын Нью-Йоркийн “Barclays center”-т өчигдөр /2019.01.27/ болж, Н.Төгсцогт ялалт байгуулснаар мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг-ын аваргын бүсийг зүүсэн анхны монгол тамирчин болов.
“Barclays Center”-т Монголын 200 гаруй хөгжөөн дэмжигчид цуглан “King Tug”, “Уухай” хэмээн дэмжиж байв. Хөгжөөн дэмжигчдийн дунд олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, үндэсний бөхийн аварга Ч.Санжаадамба, жүжигчин Э.Цолмонбаяр болон АНУ-д ажиллаж, амьдарч буй, чөлөөт бөхийн тамирчид байжээ.