Авлигатай тэмцэх газраас хоёрдугаар сард хийсэн ажлуудаа өнөөдөр /2019.02.25/ танилцууллаа. Энэ үеэр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай хоригдсон шүүгч Л.Бямбаагийн амиа алдсан хэргийн талаар мэдээлэл өглөө.
АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар “Үнэхээр харамсмаар үйл явдал боллоо.Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шалгах явцад их хэмжээний хээл хахууль өгсөн хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор талийгаачийг сэжигтнээр тогтоон, 48 цагийн хугацаатай саатуулсан байсан. Хээл хахууль өгсөн хэрэгт хамтран оролцсон гэх хэрэгт шалгагдаж байсан.
Талийгаачийн ажлын байр, гэрт нь нэгжлэг хийж, баримтууд хураасан. Тухайн хүнийг сэжигтнээр баривчлан 461 дүгээр ангид саатуулан шалгах явцад ийм харамсалтай явдал болжээ. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа учраас цагдаагийн байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлэл авах хэрэгтэй. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн хувьд 48 цагийг хэтрүүлсэн асуудал байхгүй. Цаг хугацаагаар хянагдсан хуулийн дагуу явагдсан” гэв.