Төрийн өмчит “МИАТ” компанийн Коммер, санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байгаад багагүй асуудалд орооцолдон ажлаа өгч байсан Ч.Хоролсүрэн гэгч гэнэт л султаан хаан шиг аашилж, “Монголиан Эйрлайнс” гэх сүржин нэртэй компани байгуулан хоёр ширхэг “Боинг” онгоц оруулж ирсэн билээ. Хэн хүнгүй л түүнийг Барон Унгерны алтыг олсон байх хэмээн ярилцаж, шуугиж байсан юм. Тэгвэл удалгүй энэ бүхний гогцоо тайлагдаж, мань хүн нэлээн олон жилийн өмнөөс “МИАТ”-ийн Дайны эрсдэлийн сангийн мөнгө гэдгээр гараа угаан, хэтэвчээ зузаалж байсан нь илэрсэн. Цагдаа нарт олдсон мэдээллээр бол энэ хүн өөрийн үй зайгүй найз Д.Баясгалангийн хувь оролцоотой “Голомт” банкаар, тодруулбал тус банкны “Солонго” салбарын захирал Г.Саранчимэгээр дамжуулж тэр мөнгөө гадагшлуулж байжээ. Тэр их хэмжээний мөнгө “Голомт” банкаар дамжин хилийн чанадад гарч байсныг Д.Баясгалан сайн мэдэж суусан нь ойлгомжтой. Ч.Хоролсүрэн, Д.Баясгалан нар өөрсдийн хүүхдүүдийг Швейцарь улсад хамт хөтлөн аваачиж сургуульд оруулсан бөгөөд цугтаа тийшээ нисч амарч, цэнгэнгээ хүүхдүүдээ эргээд ирдэг лут улс гэж байгаа. Ийм зүү орох зайгүй найзууд учраас Д.Баясгалан нь Ч.Хоролсүрэндээ улсын мөнгө хулгай хийхэд нь нүдээ аниад тусласан байж мэднэ.
Хоёр ширхэг “Боинг” онгоц худалдаж авахад 200 гаруй сая доллар шаардлагатай гэдгийг мэргэжлийн хүмүүс ярьж байгаа юм. Тийм хэмжээний мөнгийг “Монголиан Эйрлайнс” компанийг байгуулсан хүмүүс шууд л халааснаасаа гаргаад өгчихөж хүчрэхгүй байсан гэнэ. Тэгтэл тэдний нэг түнш болох Д.Баясгалан банкныхаа Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ зөвлөлдөж, тэдэнд мэдэгдэлгүйгээр “Голомт” банкаа тэр хоёр онгоцны барьцаанд тавиад туучихсан гэлцэнэ. Тэгэхээр эд нар зүгээр ч нэг найзууд биш бололтой. Мөрдөн байцаагчид сэжигтэн Ч.Хоролсүрэн “Голомт” банкны дансандаа таван тэрбум орчим төгрөг хийсэн байсныг илрүүлжээ. Харин Ч.Хоролсүрэн итгэлт хүмүүс рүүгээ утсаар залган “За, тэр таван тэрбум төгрөг ч яамай байна. Намайг эндээс л хурдан гаргаж үз” хэмээн лүндэн буулгасныг холбогдох албаныхан олж мэдсэн сурагтай. Энэ нарийн ээдрээтэй хэргийн учиг нэлээн сунжирч байж шийдэгдэх төлөвтэй байгаа юм.
Эх сурвалж: Zaluu.com