Өнөөдөр /2019.03.05/ нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн анх удаа зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, төр захиргааны байгууллагын 1000 гаруй удирдах ажилттан, албан тушаалтнууд оролцов.
Шуурхай зөвлөгөөнийг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан үг хэллээ.
Тэрбээр төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх үүрэгтэй аж ахуйн нэгжийн удирдлагуудад хандан тодорхой үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, “Эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж ажиллахыг үүрэг болголоо. Төрийн байгууллага хоорондын уялдаа холбоотой, бодлогын нэгдсэн шийдэлтэй, гүйцэтгэл өндөр байх ёстой. Үүнд НИТХ болон Засаг дарга, ЗДТГ-аас гарсан бүх шийдвэр дүүрэг, хороонд ижил төвшинд үйлчилдэг байх нь чухал. Тодорхой шийдвэр гарсаар байхад түүнийг хэрэгжүүлдэггүй, дур мэдэн шийдвэрийг өөрчилдөг байдлыг таслан зогсоох ёстой. Батлагдсан орон тоог хэтрүүлдэг, зөвхөн хэсэг бүлэг хүмүүст зориулсан шаардлагагүй орон тоог баталж, өөрт ашигтай шийдвэр гаргадаг. Энэ мэтчилэн эзэнгүй айлын дураараа хүүхэд шиг аашилдаг газрууд олон бий. Үүнийг нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нартай хамтран шийдвэрлэх болно. Мөн иргэдэд чирэгдэлгүй төрийн үйлчилгээг хүргэдэг байх асуудлыг эрчимжүүлнэ. Ингэхийн тулд иргэдтэй шууд холбогддог байх утсыг хотын даргын хувьд би өөрөө ажиллуулах болно. Эцэст нь хэлэхэд улс төрийн ойлголцол, ажил хэргийн эв нэгдэл гэх шалтгаанаар бурууг хаацайлж, элдэв үг болон үйлдэлээр ажил цалгардуулах асуудлыг хүлээн авахгүй. Хэрэв би өөрөө алдаа дутагдал гаргавал, асуудалд хайхрамж алдвал миний явсан суусан газар бүрт шууд сануулж хэлээрэй. Миний ажил, хувийн ажил гэхээс илүүтэй та бидний хамтын ажил. нийслэлчүүдийн ажил амьдрал, хувь заяатай шууд холбоотой учир асуудалд туйлшралгүй хандаж ажил цалгардуулалгүй хамтран ажилцгаая” гэж уриалан, урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор нийслэлийн хэмжээнд үүсэж болох эрсдэлийг мэргэжлийн байгууллагууд тооцож, урьдчилсан бэлтгэлээ ханган ажиллахыг үүрэг болголоо.
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва төрийн албан байгууллагуудын удирдлагуудад хандан хэлсэн үгэндээ “Хотын хөгжлийн төлөөх стратеги, тактикийн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байна. Өнөөдөр бидний өмнө үүсээд буй олон асуудлын гол шалтгаан нь ажилгүйдэл мөн юм. Нийслэл хотын хувьд үүнийг бууруулах санхүүгийн хувьд тогтвортой бөгөөд улсын төсвөөс хараат бус, эдийн засгийн бие даасан бодлого бий болгох, хууль эрх зүйн орчны шинэчлэл хийх зэрэг суурь өөрчлөлтийг шат дараатай хийх шаардлагатай байна” гэлээ.
Шуурхай зөвлөгөөний үеэр нийт удирдах ажилтнуудад хандан нийслэлийн МХГ, ОБГ, ЦЕГ болон бусад байгууллагуудаас цаг үеийн байдалтай холбогдуулан мэдээлэл хийв.
Нийслэлийн НИТХ-ын ХМОНХТ