Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж хөтөлбөрийн хүрээнд “Хавдар судлалын Үндэсний төвийн дээврийн засварын төсөл”-ийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.
Хавдар судлалын Үндэсний төвийн хувьд иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд тулгамддаг гол асуудлын нэг нь дээврээс дусаал гоождог байсан. Тэгвэл тус хөтөлбөрийн хүрээнд уг асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой боллоо.
Хавдар судлалын төвийн дээврийн засварт нийт батлагдсан төсөвт өртөг 721,389,129 төгрөг байна. Үүнд А, Б, В, Г, Д, Е, Ж, К, Л блокууд орох бөгөөд нийт талбай нь 6118,6 мкв байна.
“Өвсний-Үндэс” хөтөлбөрийн хүрээнд 79,186 ам.доллар /2640 төгрөг/ буюу 209,051,040 төгрөгийн тусламж үзүүлж байгаа юм байна.
Б блок 79,577,290 төгрөг /776.3 мкв/
В блок 72,467,370 /663.6 мкв /
Г блок 3,324,771 төгрөг /420.1 мкв /
Нийтдээ 205,68,771 төгрөг /талбай:1860 мкв/
Харин Эрүүл мэндийн Яамны хөрөнгө оруулалтаар 426,000,000 төгрөг тусламж үзүүлэх юм байна. Ингэхдээ А, Д, Е, И, Ж, К, Л блокуудын нийт 4258.6 мкв талбайд тус тус засвар хийгдэхээр болж байгаа аж.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Өнгөрсөн жил Хавдар судлалын үндэсний төвд үер усны аюул нүүрлэж байсныг та бүхэн мэднэ. Үндсэндээ 6118 мкв дээврийг засварлах дээврийг шинээр хийх боломжийг Япон Улсын засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжаар хийх болсонд баяртай байна. Ингэхдээ 4258.6 мкв –г нь эрүүл мэндийн сайдын багцаас, 1862 мкв –г нь өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд засварлахаар болж байна.
Хавдар судлалын үндэсний төв 2646 мэс заслыг жилдээ хийдэг. Эмчилгээний үр дүн 98.2 хувьтай буюу маш өндөр дүнтэй эмнэлгийн тусламж үзүүлдэг Монголын цорын ганц Хавдар судлалын төв байгаа юм. Тиймд бүх талаар үйл ажиллагаа нь жигд явахад дэмжлэг үзүүлэхийг зорьдог юм.
Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Такаока: “1990 оноос хойш “Өвсний үндэс” хөтөлбөр хэрэгжээд 500 гаруй төсөл хэрэгжсэн байна. Тухайн бүс нийгмийн ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх гол зорилготой байдаг. Өнгөрсөн жил Хирошима хотод их хэмжээний бороо орж, Япон улс хүнд нөхцөл байдалтай байх үед Монгол Улсаас баяр наадмын үе нь байсан хэдий ч бидэнд туслалцаа үзүүлсэн явдалд их талархсан. Мөн зун Хавдар судлалын Үндэсний төвийн дээврээс дусаал гоожиж хүнд байдалтай байгааг бид сонссон. Тиймээс дотны анд Монгол Улсдаа ямар нэгэн юм хийх боломж байна уу гэж судлаад өнөөдөр ажил хэрэг болгон дээврийг засварлах төсөлд гарын үсэг зурах болсондоо баяртай байна” гэв.
Хавдар судлалын Үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн: “1982 оноос хойшхи Хавдар судлалын үндэсний төвийн нийгмийн үйл ажиллагаа 2019 онд бүрэн хийгдэх боломжтой болсонд Хавдар судлалын үндэсний төвийн хамт олон, үйлчлүүлэгчдийнхээ нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлж байна” гэв.