Д.Цэнд-Аюуш: КFC-гийн хордлого гарсан салбарыг 14 сая төгрөгөөр торгосон

Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хороо буюу Зайсанд байрладаг KFC түргэн хоолны газрын хордлогын эцсийн дүнг гарсантай холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2019.03.19/ мэдээлэл хийлээ.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш  “Нийслэлд нийтдээ KFC-гийн12 салбар үйл ажиллагаа явуулдаг. Зайсан KFC салбараас гадна бусад 11 салбар дээр хяналт, шалгалт явууллаа. Хяналт, шалгалтын явцад хэд хэдэн зөрчил дутагдал илэрсэн. KFC хоолны газрын нийт 410 хүн Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой. Гэтэл 9 хүн Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй байна.Дөрвөн салбар дээр зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулсан. Ажиллагааны хүрээнд зөрчлийг арилгуулж, тухайн салбарууд дээр 4 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан. Долоон салбар дээр улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллалаа.

“Зайсан KFC” салбарын үйл ажиллагааг прокурорын зөвшөөрөлтэйгөөр түр хугацаагаар зогсоосон. Мөн Зөрчлийн тухай хуулийн Зургадугаар бүлгийн 14.4 дүгээр зүйл, 15.3.1 дүгээр зүйл, 15.2 дугаар заалтуудыг үндэслээд 14 сая төгрөгийн торгуул ногдуулсан. Мөн 8.5 сая төгрөгийн хууль бус орлогыг хураасан.

KFC-гээр үйлчлүүлсэн иргэдийн эрүүл мэндийн үзлэг, эм, эмнэлгийн үйлчилгээний төлбөр болох 49 сая 407 мянган төгрөгийг нөхөн төлүүлэх, барагдуулах арга хэмжээ авсан. Сэжиг бүхий 18 төрлийн 5960 төрлийн амталсан болон амтлаагүй тахианы мах, бэлэн болсон бүтээгдэхүүнийг хурааж, устгуулах арга хэмжээ авсан. Эмнэлгийн үзлэгт ороогүй есөн хүнийг Хан-Уул дүүргийн эмнэлэгт үзлэгт хамруулсан.

Мөн KFC-ийн усан хангамжийг нийлүүлэгч “Си си эс эм жи” компанийн үйл ажиллагааг шалгасан. Зохих гэрээ зөвшөөрөлгүй, ус түгээч байсан нь илэрсэн. Зөрчлийн хэрэг нээгж, 5 сая төгрөгийн торгууль ногдуулж, 15 сая төгрөгийн нөхөн төлбөр  оногдуулж ажилласан. Тухайн худгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээ, ХӨСҮТ-ийн шинжилгээний дүн, үйлчлүүлэгч, хохирогчдын мэдүүлэг зэрэг нь тохирч байгаа. Халдварт өвчний дэгдэлт, шигэлийн үүсгэгч болох нь тогтоогдсон” гэв.

Н.Алтан


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …