
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэгт ажиллаж байсан тагнуулын газрын хоёр ажилтанг Чингэлтэй дүүргийн шүүхээс 14 хоног хорих шийдвэр гаргасан билээ.
Тодруулбал, АТГ, ЦЕГ, ТЕГ-аас хамтарч шийдвэрлэгдсэн хэргийг шалгах явцдаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг эрүүдэн шүүж, ял хүлээлгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм.
Тэгвэл уг хэрэг ямар шатандаа явж байгааг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос тодрууллаа.
Тэрбээр“С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгтэй холбогдуулан эрүүдэн шүүлт явагдсан.Хоёр тагнуулын ажилтан цагдан хоригдсон. Энэ бүхнийг зохион байгуулсан тагнуулын нэг хүн хоригдсон. Би хоёр ялтантай очиж уулзсан. Т.Чимгээтэй ч гэсэн уулзсан.Өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадах юм энэ. Цаашид эмнэлэгт хэвтүүлж байгаад гаргана гэж бодож байгаа.
Би ХЗДХ-ийн сайдын хувиар тэр гурван хүний ар гэрээс уучлал гуйж байна. Би уучлал гуйж байгаагүй. Ахиж Монголын хуульчид эрүүдэн шүүх явдлыг системийн өөрчлөлт хийж өөрчлөх шаардлагатай юм байна. Би ийм аймшигт юм үзээгүй. Захиалагчийг олох нь битгий хэл бүр замхруулсан байна билээ.
Цаашид шалгасан, шүүсэн хүмүүсийн асуудал яригдана. Энэ хол явах асуудал шүү. Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад нас барсан эмэгтэйн ар гэрийнхэнтэй хуулийнхан уулзсан. Би уулз гэсэн юм. С.Зоригийг амь нас хохирсон хэрэг дээр сүүлийн үед тагнуулын байгууллага их нааштай ажиллаж байгаа” гэв.
Г.Нараа

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл