Ардчилсан намд Монгол Улсын Даян аварга А.Сүхбат өнөөдөр элсэж, батлахаа гардан авав. Тэрээр намын байрандаа очиж Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариас батлахаар гардан авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэнээс хойш АН-д Японы мэргэжлийн сумо бөхийн их аварга Д.Дагвадорж элсээд байсан юм.
Сонирхолтой нь тэднийг намынхаа батлахаа гардах үеэр УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд, МоАХ-ны гишүүн Х.Баттулга байлцсан нь түүнийг аваргуудыг намдаа элсүүлэх ажлыг хийж байна хэмээн үзэж буй юм. Энэ мэдээлэл ч үнэний ортойг эх сурвалжууд мэдээлж байна. Д.Дагвадоржийг АН-ын байр луу дагуулан орж батлахыг нь гардуулан өгсөн нь Х.Баттулгыг намдаа аваргуудыг элсүүллээ гэж дүгнэхэд хүргэв.
Нөгөө талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй намынхаа нэр дэвшигчээ дэмжиж буй хэлбэр аж. Мөн АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээр гарьд Б.Гантогтох ажилладаг. Тэрээр АН-д элсээд цөөнгүй жилийг үдэж буй бөгөөд Увс аймгаас өнгөрсөн 2012 оны сонгуульд нэр дэвшихээр яригдаж байсан юм. Ийнхүү АН-д Сумо бөхийн их аварга Д.Дагвадорж, Даян аварга А.Сүхбат, гарьд Б.Гантогтох нар гишүүнээр элсээд байна.
Т.Түвшин
Ugluu.mn