Эрүүдэн шүүсэн бичлэгийг үзсэн гишүүд юу хэлэв?

С.Зориг агсны хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүсэн бичлэгийг өчигдөр /2018.03.27/УИХ-ын гишүүдэд үзүүлсэн юм. Бичлэгийг үзүүлэхдээ нууцлалыг хангах үүднээс Төрийн ордны хамгаалалтыг нэмэгдүүлж, сүлжээ унагагч төхөөрөмж ашигласан юм.

Эрүүдэн шүүсэн бичлэгийг гишүүд үзэж дууссаны дараа УИХ-ын гишүүдээс тодрууллаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин: Маш муухай үгээр хэлэхийн аргагүй бичлэг байна. Гэхдээ даралт ихтэй хүн үзмээргүй юм байна

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:Үнэхээр эвгүй бичлэг байна. Монгол Улс хүний эрхийг зөрчиж болохгүй. Энэ асуудалд УИХ анхаарах цаг болсон. Бичлэгт байж боломгүй зүйлүүд их байна. Олон нийтэд үзүүлэх шаардлагагүй гэж бодож байна. Бичлэгийг үзүүлэх нь манай улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Харин хэвлэлийнхэн маань үнэний дуу хоолой болохоор үзэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Нэлээд айхтар зүйл харлаа. Хоёр жилийн бичлэгийн эхний зургаан өдрийн бичлэгээс түүвэрлэж харууллаа. Хүнийг хүчээр эрүүдэн шүүж, дарамталж хэрэг хүлээлгэснийг гишүүд бодитой дуу дүрстэйгээр харлаа.

ХНХ-ын сайд С.Чинзориг:Сэтгэл шимшрэн, нүд халтирмаар бичлэг байна. Ц.Амгаланбаатар нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өрөөнд орж шөнөжингөө дарамталсан бичлэг байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Ийм харгис хэрцгий эрүүдэн шүүлтийг зохион байгуулсан, хийсэн, хөхүүлэн дэмжсэн, зогсоож хянаж байх ёстой хүмүүст хуулийн дагуу хамгийн хатуу шийтгэл хүртээх ёстой. Энэ хэрэгт гүтгэгдэж, хэрцгий балмадаар эрүү шүүлтэн дор тулгагдаж хэрэг хүлээсэн хүмүүсийг яаралтай суллаж, ар гэрийнхэнтэй нь уулзуулж Монголын төр уучлалт гуйх ёстой.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:Хүнийг яргалах замаар хилсээр ял тулгасан байна. Нойргүй хонуулж, явган суулгаж, суниалгаж, өөр ялтныг оруулж, тэр дундаа эмэгтэй хүний тусгаарласан өрөөнд цээж нүцгэн эрэгтэй хүнийг оруулж, албаар ял тулгаж байгаа бичлэг байна.

Олон нийтэд шууд задлахыг бас бодолцох ёстой. Энэ нь хуулийн хяналтын байгууллагын нэр хүнд, төрд итгэх итгэлтэй холбоотой асуудал. Ард түмнээс нууж байгаа юм биш. Гэхдээ зайлшгүй шаардлага гарвал үзүүлэх боломжтой. Нууцаас гарсан бичлэг. Мөн Д.Булгантай холбоотой ч юм уу бичлэгүүд байгаа. Үүнийг прокуророос зөвшөөрөөгүй учраас үзүүлэх боломжгүй. Цаашдаа ийм зүйл битгий болоосой.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …