Монгол найрал дуучид Ялалтын баярын хүндэтгэлийн тоглолтод оролцоно

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамцын санаачилгаар Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулж анх удаа зохион байгуулсан “Болор одод” найрал дууны уралдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн байранд боллоо.

Монгол Улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдсан “Болор одод” хүүхдийн найрал дууны уралдаанд нийслэл болон орон нутгийн найрал дууны 13 баг хамт олон оролцсон. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль, Дорноговь аймгийн тавдугаар сургууль болон МСҮТ-ийн баг, “Эрдмийн өргөө” цогцолбор, Дархан-Уул аймгийн 15 дугаар сургууль, Орхон аймаг, Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургууль, МУБИС-ийн лицей сургууль, СУИС-ийн “Бадмаараг” ахлах сургууль, Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль, Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургууль, “Хобби” сургууль, “Улаан бүч” чуулга, Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн 13 баг гран-при шатанд өрсөлдсөн.

“Болор одод” Орос, Монгол найрал дууны анхдугаар уралдааныг ОХУ-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цэргийн прокурор, хурандаа Непомнящих Игорь Витальевич, ОХУ-ын Элчин сайдын яамны атташе Панкова Ксения Юрьевна, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий хормейстр, ахмад О.Эрдэнэцог, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын ерөнхий хормейстер, Соёлын тэргүүний ажилтан Н.Дашбямба, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн,  хормейстер Д.Алтантуул нар шүүсэн юм.

 Монгол Улсад анх удаа  зохион байгуулагдсан “Болор одод” найрал дууны уралдааны дүн гарахад СУИС-ийн дэргэдэх “Бадмаараг” ахлах сургуулийн Я.Алтансувд багштай найрал дууны хамтлаг 343.5 оноогоор тэргүүн байрт шалгарч, ОХУ-ын Байгаль далайн зусланд долоо хоног удирдсан багшийн хамт амрах эрхийн бичгээр шагнууллаа. Харин дэд байрын эзнээр 341.5 оноогоор МҮОНРТ-ийн дэргэдэх хүүхдийн найрал дууны У.Мөнхжаргал багштай “Улаан бүч” чуулга тодорч, удирдагч багшийн хамт “Найрамдал” олон улсын хүүхдийн цогцолборт амрах эрхийн бичгийн эзэд болов. Удаах буюу гуравдугаар байрт 333 оноогоор Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн Соёлын тэргүүний ажилтан Л.Отгонцэцэг багштай “Цагаан сарнай” найрал дууны хамтлаг шалгарч өргөмжлөл, хоёр сая төгрөг хүртсэн юм.

“Болор одод” найрал дууны анхдугаар уралдаанд түрүүлж, Үндэсний ялагч болсон “Бадмаараг” ахлах сургуулийн найрал дууны хамтлаг ОХУ-ын нийслэл Москва хотын “Улаан талбай”-д болох Ялалтын жагсаалын дараах хүндэтгэлийн тоглолтод ая дуугаа өргөнө.

Үүнээс гадна Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс ирэх есдүгээр сард Улаанбаатар хотод зохион байгуулах Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн баярын гала концертод бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Тус гала тоглолтод Монгол, Оросын найрал дууны хамтлаг, найрал дуучид оролцож, ая дуугаа үзэгч түмэнд өргөх юм байна.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …