Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны улсын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж ХНХ-ын сайд С.Чинзориг, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Ажил олгогч эздийн холбоо /АОЭХ/-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар гарын үсэг зурсан юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 138 дугаар зүйлийг үндэслэн 1999 онд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог байгуулсан бөгөөд хоёр жил тутамд улсын хэлэлцээрийг байгуулж, хэрэгжүүлэх ажлыг хамтран зохион байгуулж иржээ. Хэлэлцээрийн хүрээнд улсын хэмжээнд дагаж мөрдөх хүн амын нийгмийн хамгааллын болон иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад үүссэн хөдөлмөрийн харилцааны нийтлэг асуудлуудыг зохицуулдаг билээ.
Энэ удаагийн улсын хэлэлцээрт Засгийн газар цалин хөлсийг инфляцитай уялдуулан нэмэгдүүлэх, албан тушаалын зөрүүг арилгах байр суурьтай оролцсон бол МҮЭ-ээс 53, АОЭХ-ноос 15 санал ирүүлсэн байна.
Хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын үеэр С.Чинзориг сайд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээр 83.2 хувьтай биелэснийг онцлоод “Засгийн газраас 2014 оноос хойш нэмэгдээгүй байсан цалинг нэмэгдүүлснээр төрийн албан хаагчдын дундаж цалин 916 мянган төгрөгт хүрч 2014 оноос 27.5 хувиар нэмэгдсэн. Түүнчлэн 2019 онд цалингийн доод хэмжээг 320 мянган төгрөг, 2020 онд 420 мянган төгрөг байхаар тогтоогоод байна. Мөн даатгуулагч өөрөө хүсвэл эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байх, тэтгэврийн насыг иргэнд хүндрэл багатайгаар буюу жилд гурван сараар нэмж 65 насанд хүргэхээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан” гэлээ.