Боловсролын салбарт “Мөнгө угаах” бизнес цэцэглэсэн гэж хэлж болно. Энэ бизнес юу вэ гэхээр сурагчдын дунд зохион байгуулагддаг олимпиадууд болон сургуульд шинээр элсэн орж байгаа хүүхдээс бүртгэлийн мөнгө авдаг. Үүний нэг жишээ бол “Шинэ-Монгол” дунд сургууль. Тус сургууль нэгдүгээр ангийн бүртгэлийг дөрөвдүгээр сарын 8-11-ны хооронд явуулж байгаа бөгөөд нэг хүүхэд бүртгүүлэхдээ 35 мянган төгрөг төлж байгаа гэнэ. Бүртгүүлсэн хүүхдүүдээс дөрөвдүгээр сарын 12-14 хооронд шалгалт авах юм байна.
Уг нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт /БСШУС/-ын сайд Ё.Баатарбилэг 2019.04.05-нд А/200 тоот тушаал гаргаж Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэгчийг ямар нэгэн шалгалтгүйгээр элсүүлэн суралцуулахыг өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт даалгасан. Салбарын сайдын гаргасан шийдвэр “Шинэ-Монгол” дунд сургуульд хамааралгүй бололтой.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт /БСШУС/-ын сайд Ё.Баатарбилэг өчигдөр мэдээлэл хийхдээ “хувийн өмчийн сургуулиуд нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх нэрийдлээр нэг хүүхдээс 40-50 мянган төгрөгийн хураамж авч, шалгалт авдаг. Эцэст нь эцэг эхчүүдэд чирэгдэл учруулж, дараалал үүсгэчихээд хэдхэн хүүхэд л элсүүлдэг. Энэ нь нэг талдаа бизнес. 1000 хүүхэд бүртгэж мөнгө хураачхаад тавиас жаран хүүхэд авдаг. Зарим сургуулиуд хандив авч оруулдаг. Энэ асуудлыг цэгцэлнэ” гэдгээ мэдэгдсэн. Харин сайдын гаргасан захирамж, мэдэгдэл нь хөрс дээр бодит байдлаараа хэрэгжихгүй байна уу.
“Шинэ –Монгол” дунд сургуульд нэг удаадаа 600-700 хүүхэд бүртгүүлдэг. Эдгээр хүүхдээс 70 гаруй хүүхдийг нэгдүгээр ангид элсүүлж авдаг гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Тус сургууль бүртгэл явуулсан эхний өдөр 300 гаруй хүүхэд бүртгүүлжээ. Нэгдүгээр ангид 70 гаруй хүүхэд авах квоттой тус сургууль хүүхэдэд боловсрол олгох гэх илүүтэй бүртгэл нэрийн дор мөнгөний бизнес явуулж байгаа нь эндээс харагдаж байна. Эцэг эхчүүийн хувьд тус сургуулийн нэрд хүнд болон сургалтын чанарт найдаж хүүхдээ элсүүлж байгаа байх. Гэхдээ цөөхөн хүүхэд авдаг сургууль заавал олон хүүхэд бүртгэж авах шаардлага байна уу. Үүнийг салбарын сайд нь мэдэж байгаа болов уу.
“Шинэ-Монгол” дунд сургууль сайдын шийдвэрийг биелүүлж бүртгэлээ зогсоох уу.