Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлд анх зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо.Харин маргааш буюу энэ сарын 25-ны өдөр иргэдийг Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтад хамруулах дадлага сургуулилт болно.
Маргааш өглөө 08:00 цагаас зарлан мэдээллийн дохиог нийслэл даяар дуугарснаар иргэдийн дадлага сургууль эхлэх тул дохио сонссон эсэхээс үл хамааран иргэд маань заасан цагт орон байрнаасаа гарч аюулгүй талбайд нүүн шилжих дадлага сургуульд хамрагдах учиртай.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан 111 аюулгүйн талбай бий. Эдгээр талбайд заасан маршрутын дагуу нүүн шилжинэ гэсэн үг.
Энэ үеэр 07:00-09:30 цаг хүртэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаас гадна Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг зогсооно. Үүнд, Тээврийн цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллана. Гадагшаа болон орон нутгийн замд нислэгтэй иргэд 07:00 цагаас өмнө онгоцны буудалд очсон байхыг анхааруулж байна. Түүнчлэн сургууль, цэцэрлэг, олон нийт төрийн байгууллага, хувийн хэвшил гээд бүх байгууллагын үйл ажиллагаа 10 цагаас эхэлнэ. Тиймээс иргэн бүр ажлаа зохицуулж, цагаа зөв тооцоолон энэхүү дадлага сургуульд идэвхтэй оролцохыг уриалж байна.