“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өнөөдөр /2019.04.29/ 2019 оны эхний улирлын ажлын тайлангаа танилцууллаа.
“Эрдэнэс-Тавантолгой”ХК энэ оны нэгдүгээр улирлын байдлаар: Нүүрс олборлолт- 4,2 сая тонн, Нүүрс экспорт – 2,4 сая тонн, Борлуулалтын орлого- 741 тэрбум төгрөг, Улсын төсөвт- 193,5 тэрбум төгрөг, 304 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа.
Ерөнхий тоон дүнгээр нь авч үзвэл “Эрдэнэс-Тавантолгой” компани улсын эдийн засагт 1,16 их наяд төгрөгийн хувь нэмэр оруулж, ДНБ-ний болон төсвийн татварын орлогын 6 хувийг дангаараа бүрдүүлэн ажиллажээ гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээллийнхээ эхэнд онцоллоо.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу компанийн ТУЗ-өөс 2018 оны цэвэр ашгаар дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүд, тухайлбал Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Конвейрийн систем, Хими технологийн үйлдвэр, Цахилгаан станц зэрэг төслүүдийн анхны хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ.
Томоохон төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэхтэй холбоотойгоор компани төсөвтөө тодотгол хийж, оффисын барилга, автомашин, компьютер тоног төхөөрөмж худалдан авах зэрэг хөрөнгө оруулалтын зардлуудаа 400 гаруй тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэрийг гаргасан байна.
УИХ, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу олон улсад IPO гаргах бэлтгэл эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд тендерийн хуультай холбоотойгоор олон улсын зөвлөх шалгаруулж авах зарим ажил түр хойшлогдсон ч мэдээллийн нэгдсэн бааз үүсгэх, бичиг баримт боловсруулалт, гүйцэтгэлийн бусад ажлууд өндөр хувьтай байгаа талаар мэдээллээ.