2011 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Иргэн Э эмч нарын буруутай үйлдлээс болж саваа авахуулж хойшид дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болсон байна. Эмэгтэй хүн болсон хойно байгалийн жамаараа төрөх хугацаа нь болж харъяаллын дагуу III төрөх эмнэлэгт ирсэн байна. Өөрөөрөө төрөх бүрэн боломжтой цоо эрүүл эхийг эмч нар хайхралгүй удаасан учраас эхэс доторхи ус бүгд гарч улмаар хүүхэд нь бүтэж үхэхэд хүрсэн байна. Энэ байдлыг гэнэт ажигласан эмч нар яаралтай хийсвэр хагалгаанд орох шаардлагатай хэмээн Э-д зөвлөсөн гэнэ. Э-гийн хувьд өөрөөрөө төрөх чин хүсэлтэй байсан ч алаг үрээ алдахгүйн тулд хийсвэр хагалгаанд орсон гэнэ. Угтаа бол хийсвэр хагалгаа дор хаяж 30-60 минут үргэлжлэх ёстой. Гэтэл Э-д 20 хүрэхгүй минутанд хагалгаа хийсэн байна.
Хийсвэр хагалгаа хийсэн Цэцэгдэлгэр эмч хагалгааны дараа савыг сайтар цэвэрлээгүйн улмаас сав нь идээлж улмаар үтрээ болоод боолтоор дамжин идээ гарах болжээ. Энэ үйлдэлдээ өнөөг хир нь хариуцлага хүлээх нь битгий хэл ганц ч удаа уучлалт гуйгаагүй байгаад хохирогч гомдож байгаагаа хэлсэн юм. Савыг нь авахдаа өвчтөн Э-д ямар нэгэн тайлбар хэлээгүй. Өөрөөр хэлбэл эмнэлэгээс гарсаныхаа дараа мэдсэн гэнэ. Болсон процессын талаар Э-гээс ярилцлага авсан юм. Тэрээр нэрээ нууцлахыг хүсч байлаа.
Таныг ийм байдалд хэн хүргэчих вэ?
Би 2011 оны 12 сарын 25-ны өдөр III төрөх эмнэлэгт амаржихаар очсон. Удаан хугацааны турш өвдөлт өгч байсан ч эмч нарын гарыг цайлгаагүйн улмаас эмч нар намайг үл тоосон. Урьд өдөр нь III төрөхийн шинэ жил нь болсон юм байна лээ. Тэгээд маргааш нь буюу намайг төрөхөөр очиход шарталтын байдалтай юун төрөхөөр ирсэн эхчүүд манатай байсан. Намайг эх барьж авах ёстой н.Батзаяа эмч ч гэсэн шартаад намайг тоогоогүй. Эцэст нь хамаг ус нь гарч хүүхэд маань эндэх аюул нүүрлэхэд л Батзаяа эмч гэнэт сэхэл орж яаралтай хагалгаанд орохгүй бол хүүхэд чинь эндэх нь гэсэн. Уг нь бол надад эртхэн шингэн залгасан бол өөрөөрөө төрөх бүрэн боломжтой байсан. Гэтэл эмч нарын шарталын гайг би үүрсэн. Хэдийгээр хагалгаанд орох дургүй байсан ч хүүхдээ аврахын тулд хагалгаанд орохыг зөвшөөрсөн. Хагалгаанд тухайн үед Цэцэгдэлгэр эмч орсон гэдэг. Угтаа бол хийсвэр хагалгаа дор хаяж 30 минутаас 60 минутын хооронд үргэлжилдэг ч надад 20 хүрэхгүй минутын хагалгаа хийсэн. Хагалгааны дараа миний бие маш хүнд зовиуртайгаар 6 хоног эмнэлэгт хэвтэж сүүлдээ он гарахын өмнөхөн эмч нараас гуйж гэртээ гарсан. Гэртээ гараад 10 гаруй хоног эмнэлэгээр боолтоо хийлгэж явсан. Тэр хугацаанд хагалгааны сорви эдгээгүй. Уг нь надтай цуг хийсвэрт орсон эхчүүдийн шарх 7 хоноод л эдгэчихсэн юм байна лээ. Бараг 10 гаруй хоног боолт хийлгэхэд эдгэхгүй байснаа гэнэт хагалгааны завсараар идээ гоожоод эхэлсэн. Сүүлдээ үтрээнээс идээ гоожсон. Ингээд БЗД-ийн 10-р төвд хандаж ЭХО-д үзүүлэхэд савыг маань бүхэлдээ идээлээд чулуужсан байна гээд яаралтай III төрөхөд хэвтэх бичиг хийж өгсөн.
Яагаад таны сав идээлээд чулуужсан юм болоо?
Хийсвэр хагалгааны үеэр цэвэрлэгээгээ муу хийсэн учраас сав идээлсэн байсан. Намайг очиход III эмнэлэгийн эмч нар сандаралдаж байсан. Эргээд ирнэ гэдгийг мэдэж байсан юм шиг байна лээ. Намайг эмнэлэгээс гарахад халуурах л юм бол хурдан ирээрэй гэж анхааруулж байсан. Гэхдээ би халуураагүй. Дараа нь хэвтэх бичгээ бариад эмнэлэгт ирээд 1 хоноод л шууд халуурч өвдөж эхэлсэн. Ингээд зөвлөхөөр ажилладаг хүний гавъяат эмч Б.Бүлтэн эмчийг дуудаж намайг үзүүлсэн. Б.Бүлтэн эмч арай ч дээ. Эртхэн үзүүлэхгүй яасан юм бэ гээд уулга алдаж байсан. Тэгтлээ уулга алдаж байсныг бодоход миний сав хүн харахын эцэсгүй болсон юм шиг байна лээ. Тэгээд шууд яаралтай хагалгаанд орохоор болсон. Хэрвээ хагалгаанд орохгүй бол шууд үхнэ гэж хэлсэн. Хагалгаанд орсон дааж гарч ирэх итгэл муу байсан. Бараг л үхэх байх гээд хүүхэдтэй минь уулзуулж үнсүүлж байсан.
Хагалгаанд ороод тэгээд сав нь эрүүл болсон уу?
Одоо би дахин хэзээ ч хүүхэд төрүүлэх боломжгүй болчихоод сууж байна. Уг нь бол хагалгаагаар савны идээ бээрийг авах юм байх гэсэн чинь савыг маань тэр чигт нь авчихсан байна лээ.
Тэгэхээр таныг хагалгаанд орохоос өмнө савыг чинь авна гэж хэлээгүй хэрэг үү?
Юу ч хэлээгүй. Сүүлд эмнэлэгээс гарахын өмнөхөн л хэлсэн. Би маш их цочирдсон. Ажлаа хариуцлагагүй хийсэн учраас III эмнэлэгийн эмч нар гавъяат эмч Бүлтэнд эмчилгээг шилжүүлж дахин яаралтай хагалгаанд оруулсан нь тэр. Төрөөд 10 хоноод эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж нялх үрээ орхин 2 сар эмнэлэгээр эмчилгээ хийлгэсний хариуд савгүй болно чинээ санаагүй. /Уйлав/
Эмч нарын хариуцлагагүй энэ үйлдэл эцэстээ аз жаргалтай байсан гэр бүлийг салгаж хөөрхий эмэгтэйн амьдралыг сүйтгэсэн байна. Төрөөд 10 сар болоогүй байхад нөхөр нь эхнэрээ савгүй болсон гэж мэдмэгцээ орхиод явсан гэнэ. Одоогоор иргэн Э хорвоод ганцхан заяасан үрийнхээ төлөө амьдарч, түүгээрээ баяр баяслаа хийж явна. Өөр надад хэнд ч итгэх итгэл алга. Ийм байдалд хүргэсэн хүмүүс бол III эмнэлэгийн эмч Батзаяа, Цэцэгдэлгэр нар. Тэдэнд би яс махандаа тултал гомдож байна гэж байлаа. Түүнчлэн 3-р эмнэлэгийн дарга Энхбаяр Э-гийн ээжийг толгойг нь эргэтэл загнаад гаргасан байна.
Хариуцлагагүй үйлдлийнхээ төлөө ганц ч удаа уучлалт гуйгаагүй эмч нарын энэ үйлдэл өнөөг хэр нь нууцлагдсан хэвээр байгаа. Залуу эмэгтэйг дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болгочихоод хэрэг хийгээгүй хүн шиг дахин хэдэн ч ээжийн савыг тайрч байгааг мэдэхгүй. Э-тэй хамт 19-хөн настай охин ч мөн адил саваа тайруулсан гэж байгаа. Ийнхүү эмч нарын буруутай үйлдлээс болж монголын үрс маш олон болох боломжгүй болчихоод байна.
эх сурвалж: холбоо.мн