Нийслэлийн төрийн өмчит Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл өнөөдөр эхэлнэ. Бүртгэл тавдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.
Ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс мөн оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлэх юм байна. Харин таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй гэнэ. Хамран сургах тойргийн хүүхдүүдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж болон бусад төлбөр авахгүй.
Элсэлтийн явцын мэдээг тавдугаар сарын 17, 24-нд гаргаж олон нийтэд мэдээлэх бөгөөд элсэгчдийг бүртгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар,
- Эцэг, эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар,
- 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг,
- Шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно.
Ц.Жаргалантуул: Нэгдүгээр ангид элсэгчид хугацаандаа амжиж бүртгүүлээрэй
Зургаан настнуудын бүртгэлийн талаар нийслэлийн Боловсролын газрын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас зарим зүйлийг тодрууллаа.
-Зургаан настнуудын бүртгэл өнөөдөр эхэлнэ. Энэ жил хэчнээн хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах вэ?
-2019-2020 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдийн бүртгэлийн ажил эхэлж байгаа. Энэ бүртгэлийн ажлын хүрээнд хоёр ажил зохион байгуулна. Нэгдүгээрт хамран сургах тойргийн тушаал гарсан, хоёрдугаар элсэлтэд зориулсан удирдамж гарч, ажлын хэсэг байгуулагдсан.
Ажлын хэсгийг нийслэл, дүүрэг, сургууль дээр байгуулагдсан байгаа. Элсэлтийн бүртгэлийг сургууль дээр ажлын хэсэг хариуцаж зохион байгуулна. Дүүрэг дээр гарсан асуудлыг дүүргийн ажлын хэсэг хариуцаж ажиллах чиглэлтэй байгаа. Энэ хичээлийн жилд 38232 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах төлөвтэй байгаа. 2019-2020 оны хичээлийн жилд 2013 оны нэгдүгээр сарын 13-наас 2013 оны арван хоёрдугаар сарын 31-ны өдөр төрсөн хүүхдийг бүртгэнэ. Бүртгэлийг энэ сарын 13-27-ны хүртэл явагдана. Бүртгэлээ эхлэхээс өмнө сургуультай танилцах өдөрлөгийг маргааш зохион байгуулна. Энэ өдөрлөгөөр эцэг эхчүүд хүүхдээ хаана ямар сургууль орох, хамран сургах тойргоо мэдэх, тухайн сургуулийн нөхцөл байдал ямар , багш боловсон хүчин ямар байна гэдгийг хүүхдээ дагуулж очиж танилцах боломжтой.
– Хамран сургах тойргийг танайхаас гаргадаг юм уу?
-Ер нь ачаалалтай сургуулийн ачааллыг багасгах зорилгоор хамран сургах тойргийг гаргадаг. Хамран сургах тойргийг нийслэлийн боловсролын газраас шууд гардаггүй. Энэ жилийн тухайд нийслэлийн засаг даргын 02 гэсэн албан даалгавар гарсан. Энэ даалгавраар дүүргийн Засаг дарга нарт тодорхой чиглэл үүрэг өгсөн. Үүний хүрээнд дүүргийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж хамран сургах тойргийг боловсруулж гаргасан.
-Зургаан настнуудын бүртгэл тавдугаар сарын 27 хүртэл явагдана гэж байна. Бүртгэлээс хоцорсон тохиолдол дахин бүртгэл явуулах уу?
-Бүртгэлийн асуудал дээр эцэг эхчүүд хариуцлагатай хандах ёстой. Энэ жил хүүхэд нь сургуульд орох гэж байгаа бол хугацаанд амжиж бүртгүүлэх хэрэгтэй. Бид зунжин бүртгэл хийх боломжгүй. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангиуд зургадугаар сарын 1-нээс амарна. Иймээс хугацаандаа амжиж хүүхдээ бүртгүүлэх хэрэгтэй.
Н.Алт