Монгол Улсын анхны Замын хөдөлгөөний дүрмийг баталсны 94 жилийн ойн өдрийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанаас “Бяцхан зорчигч” аян болон “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг энэ сарын 22-ны өдөр буюу маргааш Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болсон талаараа өнөөдөр /2019.5.21 /мэдээлэл хийлээ.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат “Монгол Улсад хүний амь нас аврах зорилготой замын хөдөлгөөний дүрэм батлагдсан ойн өдрийг тохиолдуулан хийх гэж буй ажлын талаар мэдээлэл өгье. Замын хөдөлгөөний дүрмийг баталсан өдрийг тохиолдуулан бид Жанжин Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулна.
Нээлттэй хаалганы өдөрлөг 11.00-16.00 цагийн хооронд болох ба жолооны эрх сэргээх шалгалт авах, жолоодох эрхийн үнэмлэхийг шинээр болон дахин олгох, хаяж гээгдүүлсэн үнэмлэхийг дахин олгох, эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээх зөвлөгөө мэдээлэл өгөх, автомашины дугаарын давхцалыг шалгах, албан журмын даатгал, бүх төрлийн лавлагаа мэдээлэл зэрэг төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээг нэг дор түргэн шуурхай үзүүлнэ” гэлээ.