“Чингис хаан” дууриар намрын нээлтээ хийгээд удаагүй байгаа Дуурь бүжгийн эрдмийн театрынхан Оросын томоохон театруудтай хамтран “Оросын балетын одод” тоглолтоо хийхээр төлөвлөөд байсан юм. Ийнхүү Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын шинэхэн зочид өнөөдөр Улаанбаатарт газардах гэж байна.
Тэд бол дэлхийн балетын урлагийн нүүр царай болсон Оросын балетын одод юм. Уг тоглолтыг ОХУ-ын “Рус Арт” продюсерийн компани зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн тоглолтонд сонгодог урлагийн сор болсон долоон хотын 20 балетын гоцлооч бүжих нь. Тэд өнөөдөр эх оронд маань ирсэн даруйдаа буюу 12.00 цагт ДБЭТ-т хэвлэл мэдээллийнхэнтэй уулзах нь ээ.
“Оросын балетын одод” энэ сарын 19, 20-ны 17.00 цагт ДБЭТ-т тайзнаа бүжих юм. Уг тоглолтод ОХУ-ын “Их театр”-ын гоцлоочид ОХУ-ын гавьяат жүжигчин Анастасия Горячева, Андрей Болотин, “Мариинскийн” театрын гоцлооч ОХУ-ын Ардын жүжигчин Юлия Махалина, Михайловскийн театрын гоцлооч Михаил Венщиков, “Кремлевский балет” театрын гоцлоочид ОХУ-ын гавъяат жүжигчид Александра Тимофеева, Михаил Мартынюк, ОХУ-ын гавьяат жүжигчин Вера Арбузова, “Михайловскийн театр”-ын гоцлооч Андрей Касьяненко, Украйн улсын “Үндэсний театр”-ын гоцлоочид Екатерина Ханюкова,Украйн улсын гавьяат жүжигчин Сергей СидорскийИдорский, “Новосибирск”-ийн дуурь бүжгийн театрын гоцлоочид Вера Сабанцева,Роман Полковников нар Монгол ирэх аж. Мөн К.С.Станиславский, В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит хөгжмийн театр, Б.Я.Эйфманы нэрэмжит театр, Пермь хотын дуурь бүжгийн театрын бүжигчид гээд дэлхийн балетын урлагийн нүүр царай болон гялалзаж байгаа ОХУ-ын долоон хотын 20 уран бүтээлч ирж байгаа юм байна. Уг тоглолтод ДБЭТ-ын балетын гоцлоочид хамтран бүжиглэх юм. “Оросын балетын одод” тоглолтыг ССАЖЯ, ОХУ-ын Соёлын яам, Монгол дахь ОХУ-ын ЭСЯ дэмжин ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: урлаг.мн