Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд нийтдээ 20 сая төгрөгөөс 1.0 тэрбум төгрөгийн зээл хүссэн 1411 иргэн, аж ахуйн нэгжээс хэрэгжүүлэх төслийн баримт бичиг болон түүнтэй холбоотой иж бүрдлийн материалаа ЖДҮХС-д ирүүлсэн байна.
Эдгээрээс төсөлд тавигдах шалгуур хангагдсан 534 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл дараагийн шат буюу төслийн урьдчилсан судалгааны шатанд шилжжээ. Тодруулбал, 300 сая төгрөгөөс дээш 1.0 тэрбум төгрөг хүртэл зээл хүссэн 65 иргэн, аж ахуйн нэгжийн 47.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт дараагийн шатанд шилжүүлжээ. Хөдөө орон нутагт төсөл ирүүлсэн 1330 гаруй төслийн нэгдүгээр шатны сонгон шалгаруулалт одоогоор дуусаагүй орон нутгийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа 50 хувьтай үргэлжилж байна.
ЖДҮХС-гийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа нийт дөрвөн үе шаттай бөгөөд эцсийн зээл олгох шийдвэрийг Төсөл сонгон шалгаруулах хороо шийдэх бөгөөд хорооны бүрэлдэхүүнд олон нийтийн төрийн бус байгууллагын төлөөлөл оролцох бөгөөд хурлын үйл ажиллагааг нээлттэй олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр танилцуулах аж. Мөн эцсийн шатны шалгаруулалтанд тухайн төсөл ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгж хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн үйл ажиллагаа, үр дүнг товч байдлаар өөрийн биеэр Хорооны гишүүдэд танилцуулах боломжийг олгож байгаагаараа өмнөх жилүүдийн ЖДҮС-аас зээл олгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанаас онцлог, ил тод, олон нийтэд нээлттэй, хэн нэгэнд давуу байдал бий болгох, гадны нөлөөллөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бий болгоно гэж ЖДҮХС-гийн зүгээс үзсэн байна.