Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагналаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын дээд шагналыг гардуулж баяр хүргэв.
Хүндэт өргөмжлөлөөр:
– Ц.Галбадрах “Хү” хамтлагийн ахлагч, багийн гишүүд
“Хү” хамтлаг “Хүннү рок” урсгалыг шинээр бий болгож, үндэсний хэв шинжийг агуулсан уран бүтээл туурвин, өв соёл, үндэсний урлагаа “Youtube”-ээр дамжуулан 20 орчим сая хүнд хүргэж, Европын 13 улс, 23 хотоор аялан тоглосон байна.
– Д.Сэрдарам “Миний клуб” ТББ-ыг үүсгэн байгуулагч, байгууллагын гишүүд
“Миний клуб” байгууллага нь залууст байгалиа хамгаалах, хайрлах сэтгэлгээ төлөвшүүлэн, мод тарих хүсэл эрмэлзэлтэй болгох, иргэдийг мод тарих үйлсэд татан оролцуулдаг. Тус байгууллага улсын хэмжээнд 16 газарт 700 гаруй мянган мод тарьж ургуулсан байна.
– Д.Болор-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын Засгийн газрын ахлах референт
Д.Болор-Эрдэнэ нь олон жил Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажиллан Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байна.
– Т.Түвшинбаатар Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги-105-ын аврагч усчин, ахлах ахлагч
Аврагч-усчин, ахлах ахлагч Т.Түвшинбаатар нь Онцгой байдлын албыг бэхжүүлэх, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд хувь нэмрээ оруулж 780 гаруй гаруй хүний амь насыг авран хамгаалжээ.
Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах, төрийн алба, хууль ёсыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, урлаг, шинжлэх ухаан-техникийг хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулж, үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын болон гадаад улсын иргэнийг шагнадаг юм.