Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх, сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зарим асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргалаа. Хуралдаанаар Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Комиссын мэдээллийг сонсов. Гадаадад байгаа иргэдийг бүртгэх ажиллагааг хуулийн дагуу санал авах өдрөөс 15 хоногийн өмнө буюу энэ лхагва гарагт дуусгавар болгосон билээ.Одоо Комисс нийт салбар комиссоос хүлээн авсан бүртгэлийг нэгтгэж дуусгаад түүнийг бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.Урьдчилсан мэдээгээр, 6 мянга гаруй монгол иргэд өөрийн оршин суугаа улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очиж буюу шуудан, цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлээд байна.
Хуралдаанаар Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүд сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүнг гаргах үндсэн баримт бичиг болох саналын хуудасны загварыг баталлаа.
Хуульд заасны дагуу саналын хуудас нь нэр дэвшигчийн гэрэл зурагтай байна. Үүнээс гадна сонгогч саналаа хэрхэн тэмдэглэх тухай товч заавартай байх бөгөөд нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэрийг жижиг үсгээр, өөрийн нэрийг том үсгээр, түүний ард нэр дэвшүүлсэн намын нэрийг хаалтад бичиж, түүнчлэн нэр дэвшигчдийн нэрийг Улсын Их Хуралд хамгийн олон суудал авсан намын нэр дэвшигчээс эхлэн дараалуулж бичсэн байх ажээ.
Харин харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулсан саналын хуудсыг уншиж, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий хавтас санал авах байр бүрд нэг байхаар тооцоолжээ.
Cонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаар саналын хуудасны индекс, дугаар, тоог тогтоох тухай, сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журамд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэв гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.