Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороогийн нөхөр Б лифтний хонгилд унаж, нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн зургадугаар сард гарсан юм.
Тэгвэл өнөөдөр /2019.10.23/иргэн Б.Болороо нөхрийнх нь амь насаа алдсан хэрэг үнэн бодитоор шийдэгдэхгүй байгаа талаар мэдээлэл хийж, хэргийг үнэн зөвөөр нь шүүхийг хүслээ.
Иргэн Б.Болороо “Миний нөхөр амиа алдаад дөрвөн сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд олон сэтгүүлч мэдээлэл өгөөч, байр сууриа илэрхийлээч гэж холбогдоход нь мэдээлэл өгдөггүй байсан. Учир нь цагдаагийн байгууллага ажлаа хийж гүйцэтгэж байхад нь хөндлөнгөөс саад учруулахыг хүсээгүй. Би хэргийг үнэн мөнөөр шийдэгдэнэ гэдэгт итгэл найдвар тээсээр өдийг хүрлээ. Гэтэл хэрэг шийдэгдэхгүй байгаад харамсаж байна.
Өмнө нь манай нөхөр лифтний засвар үйлчилгээг олон удаа хийж байсан. Анх удаа тийм ажил хийснээс үйлдвэрийн осол болсон юм шиг хуулийн байгууллага үзэж байна. Манай нөхөр лифтний засвар үйлчилгээ хийж буй бичлэг байсаар байхад бидэнд үзүүлээгүй. Бичлэг байсныг сар гаруйн дараа л мэдсэн.
Манай нөхрийг ажлын байран дээрээ архи ууж, түүнээсээ болж нас барсан гэж байгаа. Яагаад энийг ярьж байна вэ гэвэл 2019 оны наймдугаар сарын 5-нд бид шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Тэгэхэд хамгийн анхаарал татсан нэг зүйл нь задлан шинжилгээний дүгнэлтээр нөхрийн минь согтолтын зэрэг 2.4 буюу өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон гэж гарсан. Би бол бусдын нөлөөтэй амиа алдсан гэж бодож байна. Хэрэв тийм хэмжээний согтолттой байсан юм бол яагаад лифтний түлхүүрээ өгч явуулсан юм бэ. Ажилчдад станц өгдөг. Нөхөр маань алга болсноос хойш байгууллагаас нь өдөр бүр залгаж станц болон лифтний түлхүүр олж өг гэж байсан.
Мөн ээлжийн ахлагч Бадамдорж яагаад манай нөхрийн утсыг 7 сарын 20-23-ны өдөр хүртэл ашигласан бэ. Манай нөхрийн S6 утас тэр цогцсыг олоход байгаагүй. Гэтэл над руу өдөр бүр ярьж станц нэхээд байсан хүн манай нөхрийн утсыг ашиглаад явж байгаа юм. Тэр хүн өдөр 14:00 цагийн үед шалгалт хэвийн, орой 20:00 цагийн үед хэвийн байна гэж гарсан байсан. Тийм өндөр согтолттой байсан бол орой 20:00 цагийн үед яагаад хэвийн гэж хэлээд явсан бэ.
Манай нөхөр нэг ч удаа ажлын байран дээрээ архи уудаггүй байсан. Мөн 19 хоног болоод ялзраад өтөөд, ямар ч шинжилгээ хийх боломжгүй болчихсон цогцосноос тийм өндөр хэмжээний архины хэмжээ гарсан мөртлөө хэзээ нас барсныг нь тогтоож чадахгүй байгаа юм.
Энэ хэргийн үнэн мөнийг тогтоохын төлөө тууштай тэмцэнэ. Надад энэ хэрэгтэй холбоотойгоор хүсэх зүйл байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулмаар байна. Хоёрт, шүүх эмнэлгийн дүгнэлтийн дараа мэргэжлийн хяналт дахин дүгнэлт гаргахыг хүсч байна” гэлээ.