Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр “Korean Air” компанийн нисэх онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн гэх асуудлаар мэдүүлэг өгөхөөр өчигдөр /2019.11.06/ БНСУ-д очиж Инчён хотын цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтэст мэдүүлэг өгсөн юм. Тэгвэл Инчёны цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтэс Д.Одбаяраас 11 цагийн турш мэдүүлэг авч, шөнийн 01:00 цагт гаргасан байна.
Байцаалтын үеэр тус улсын цагдаагийн газраас хэргийг үргэлжлүүлэн шалгах шаардлагатай гэж үзэн Д.Одбаярт хилийн хориг тавих саналыг прокурорт гаргасан байна. Улмаар БНСУ-ын прокуророос түүнд арваннэгдүгээр сарын 6-15-ны өдрийг хүртэл 10 хоногийн хилийн хориг тогтоожээ.
Харин түүнтэй хамт явсан Монгол Улсын иргэн 42 настай А-г БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан Солонгос Улсад албадан ирүүлэх арга хэмжээ авахаа албан ёсоор мэдэгджээ.
Хэргийг сануулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ний өдөр онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн буюу бэлгийн халдлага үйлдсэн хэргээр Өмнөд Солонгосын цагдаад саатуулагдсан байдаг. Түүнийг Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч болох 20 настай эмэгтэйн биед хүрсэн, мөн А гэгч монгол иргэн үйлчлэгчийг мөрөөр нь тэвэрсэн үйлдэл гаргасныг буруутгаж, тус улсын цагдаагийн алба хаагчид саатуулсан талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд анх мэдээлсэн юм.