Халдварт ба халдварт бус өвчний илрүүлэг үзлэг зохион байгуулж байна

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд иргэдийн идэвхи оролцоо, эрүүл мэндийн үзлэгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Дархан-Уул аймагт 9-р сарын 28-наас эхлэн халдварт ба халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг, оношлогоог цогц хэлбэрээр зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн газрын даргын А/92 дугаар тушаалаар зохион байгуулалтын багийг 48 эмч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй байгуулж, хяналтын, аж ахуй бэлтгэл ажлын, иргэдийн бүртгэл, статистик бүртгэлийн, анхан шатны эмчийн үзлэгийн, биеийн хэмжилтийн, оношлогооны, нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийн, эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, зөвлөгөө мэдээллийн, лабораторийн зэрэг 10 нэгжээр цогц үйлчилгээг үзүүлж байгаа юм.
Энэхүү үйл ажиллагаанд  зүрх судас, чих хамар хоолой, нүд, эмэгтэйчүүд, мэдрэл, сэтгэц, дотор, ахмад, сүрьеэ, арьс, харшил, БЗДХ, явуулын рентген оношлогоо, эмэгтэйчүүдийн болон хэвлийн хэт авиан оношлогоо, элэгний үзлэг болон В.С вирусийн оношлогоо зэрэг 18 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн  үзлэг, оношлогоо цогц хэлбэрээр хийгдэж байна.

Одоогийн байдлаар Түвшинхолбоо ӨЭМТ-ийн 1034, Госхот ӨЭМТ-ийн 1895, Мэбс-Тоб ӨЭМТ-ийн 1034, Аминхолбоо ӨЭМТ-ийн 1045, Шарын гол СЭМТ-ийн 912 нийт 5920 иргэн үзлэг оношлогоонд хамрагдсан ба  иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлж,  ирсэн иргэн бүрт хүрч, үзлэг оношлогоог нэг дор цогц хэлбэрээр үзүүлж байгаа тул үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж өндөр байгаа ажээ.
Үзлэгийн үр дүнд 8752 өвчлөлийг илрүүлж, аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн кабинетын эмчийн хяналтанд 139 тохиолдлыг оруулж, гуравдугаар шатлалын эмнэлэгт 30 өвчтөнг илгээж, элэгний хавдар 2, бөөрний хавдар 2, бэлгийн замын халдвар 60, сүрьеэгийн сэжигтэй тохиолдол 158, өвчтэй 13, В вирустэй 47, С вирустэй 107 тохиолдлыг илрүүлсэн ба чих хамар хоолойн 5, бусад 16 иргэнийг  мэс засалд оруулахаар төлөвлөсөн байна.

Ийнхүү аймгийн эрүүл мэндийн байгууллагын төсөв санхүүгийн нөөц бололцоонд тулгуурлаж, мэргэжлийн эмч, мэргэжилтний хүний нөөцийн зохицуулалтыг хийж, 2 сарын  хугацааг зарцуулж байгаа энэ үйл ажиллагаа нь 11-р сарын  23 хүртэл үргэлжлэх ба Орхон, Хонгор СЭМТ, Гэрэлтэй ӨЭМТ-ийн иргэдийг цогц үзлэг оношлогоонд хамруулах юм. 
ДЭМБ-ын дэвшүүлсэн “Эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг хэрэгжүүлэхээр эрүүл мэндийнхэн хичээж ажилладаг боловч, иргэд өөрсдөө эрүүл мэнддээ илүү анхаарч, өвчнийг эрт үед нь илрүүлэхийн төлөө бидэнтэй хамтарч, бидэнд ханддаг болох  нь чухал байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …