Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар болон “Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо хамтран арваннэгдүгээр сарын 16-30-ны өдрүүдэд “Оюуны өмчөө дээдэлье, кино урлагаа хамгаалъя” аяныг эхлүүллээ.
Энэхүү аян нь гурван үндсэн зорилготой. Үүнд:
1. Зохиогчийн эрхийн зөрчлийг багасгах
2. Кино урлагийг дэмжиж байгаа хамтын удирдлагын байгууллагуудын үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх
3. Оюуны өмч болон зохиогчийн эрхийн талаар олон нийтийн мэдлэгийг сайжруулах, үүгээр дамжуулан зөрчил гаргуулахгүй байх.
Манай улсад зохиогчийн эрхийн зөрчлийн 30 орчим хувийг кино урлаг эзэлж байгаа тул энэ салбарт анхаарах шаардлагатай” г зохион байгуулагчдын зүгээс дурьдсан юм.
Мөн кино алдагддаг youtube, facebook, зөвшөөрөлгүй CD, DVD худалдаа гэсэн гурван том суваг байдаг. Оюуны өмчийн газар, “Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо” хамтран ажилласны үр дүнд энэ гурван том сувгийг хааж, хяналт тавьж эхэлсэн байна.
Аяны хүрээнд кино уран бүтээлчид болон кино үзэгчдэд:
• Кино урлаг нь Оюуны өмчийн хуулиар хэрхэн хамгаалагддаг талаар цэгцтэй мэдлэг мэдээлэл олгох.
• Оюуны өмчийн хамгаалалт, Оюуны өмчийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль болон бусад хууль эрх зүйн орчны зохицуулалтын талаар олон нийтэд мэдлэг мэдээлэл олгох
• Албан ёсны эрхтэй кино уран бүтээлийг хууль бусаар олшруулах, цахим орчинд хууль бусаар түгээхийн хор уршиг, гарах үр дагаварын таниулах
• Оюуны өмч, кино уран бүтээлийн хамгаалалт, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилго зорилтыг тодорхойлж кино уран бүтээлчид, салбарын мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан бодлого хөтөлбөрийг боловсруулахад аяны зорилго оршиж байгаа юм.
Кино найруулагч О.Батзориг: Би хөрөнгө мөнгөө зориулж хийсэн киногоо хулгайчдын гарт алдаж үзсэн. Үүнээс үүдэн Оюуны өмчийн хулгайн эсрэг хамтдаа тэмцэх ёстой гэдгийг ойлгосон!
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, “Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо хамтран “Оюуны өмчөө дээдэлье, кино урлагаа хамгаалъя” аяныг эхлүүлээд байна. Энэхүү аян 11 дүгээр сарын 16-наас 30 ныг дуустал үргэлжлэх юм.
#МКУХХолбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, “Очир Фильм” студийн захирал, Найруулагч Оргодлын Батзориг:
Бүх зүйл бол амьдралаас урган гарч, үйл явдал хөвөрдөг шүү дээ. Өнгөрсөн сар “Шөнө дундын яриа-2” гээд уран сайхны киногоо Youtube болон Facebook гээд сошиал орчинд алдсан. Энэ бол миний хийсэн кинонууд дундаас хамгийн өндөр өртөгөөр буюу 120-иод сая өртгөөр бүтсэн уран бүтээл. Нэг өдөр л бүтээл маань гудамжинд ямар ч үнэ цэнэгүй худалдаалагдаж байсан. Тэгэхээр ийм үйл явдал болоод үүнтэй ер нь ямар арга замаар сошиал орчинд болон Фэйсбүүк орчинд мөн өөрийнхөө хэмжээнд хамгаалалтад авах вэ? гэж явж байгаад Монголын уран бүтээлийг хамгаалах холбоо гэж байгууллага 2015 онд байгуулагдсан юм байна. Тэгээд энэ холбоонд хандаад бид Оюуны өмчийн газар, Кино уран бүтээлийг хамгаалах холбоо тэгээд миний бие хамтраад 2, 3 сар уйгагүй хөөцөлдсөний хүчинд өөрийнхөө киног Youtube болон Facebook-ээс устгуулсан. Мөн устгадаг болголоо. Ийм 2 том сувгаас устгадаг болоод дээр нь CD, DVD хууль бусаар олшруулдаг тийм нөхдүүдтэй очиж ярилцаад, зөвшилцөлд хүрээд хэвлүүлэхгүй болгоод хамгаалж чадсан. Энэ бол үнэхээр үр дүн юм. Одоо уран бүтээлчид маань бүгдээрээ энэ аянд нэгдэж оюуны өмчийн талаарх ойлголтоо илүү зузаатгаасай, уран бүтээлээ хамгаалаасай гэсэн үүднээс “Кино урлагаа хамгаалъя” аянг зохион байгуулаад байна. Кино уран бүтээлчид болон кинонд хайртай хүн бүрийг энэхүү аянд нэгдэхийг уриалж байна.
СТА Б.Эрдэнэцэцэг:
Кино урлаг бол маш олон уран бүтээлчдийн нөр их хөдөлмөрөөр бүтдэг урлаг учраас оюуны өмчөөр заавал бүрэн хамгаалагдсан байх ёстой. Кино уран бүтээлч та бүхнийг “Кино урлагаа аваръя” энэхүү аянд нэгдэхийг уриалж байна.
“Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Батзориг:
Кино алдагддаг youtube, facebook, зөвшөөрөлгүй CD, DVD худалдаа гэсэн гурван том суваг байдаг. Оюуны өмчийн газар, “Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо” хамтран ажилласны үр дүнд энэ гурван том сувгийг хааж чаддаг болсондоо баяртай байна”. хамтран “Оюуны өмчөө дээдэлье, кино урлагаа хамгаалъя” аянд маань уран бүтээлчид болон кино сонирхогч та бүхнийг дэмжээсэй, нэгдээсэй гэж хүсч байна.
Найруулагч Ц.Хүсэлбаатар:
Кино уран бүтээл, ном уран зураг гээд ер нь хүний оюун сэтгэлгээнээс бүтдэггүй бүтээл гэж байдаггүй. Энийг хүмүүс үнэ төлбөргүйгээр зөвшөөрөлгүй авч үзнэ гэдэг бол энэ бүтээл дээр ажиллаж байгаа маш олон хүний талхыг булааж байна гэсэн үг. Бодитой зүйлүүд нүдэнд харагдахгүй болохоор энийг хүмүүс хулгай гэж ойлгохгүй байна. Тийм учраас энийг ойлгуулах хэрэгтэй. Дэлгүүр ороод кассан дээр нь бичүүлэхгүй талх хулгайлвал хулгай болно. Хулгайч хүн мэдээж цагдаагаар шийтгүүлнэ, багаар бодоход байцаагдана. Бусдын уран бүтээлийг хулгайлна гэдэг яг л үүнтэй ижил. Тэгэхээр залуучууддаа хандаж хэлэхэд битгий оюуны өмч хулгайлаач ээ, хэрэв үзмээр байгаа бол зөвшөөрлийх нь дагуу үзээч ээ. Бусдын бүтээлийг интернет орчинд үнэ төлбөргүй тавьцан байдаг ч юм уу? СD болгоод зарцан байдаг ч юм уу ийм байдлаар битгий үзээч ээ. Энийг бүр эсэргүүцэж байгаач ээ. Яагаад гэвэл маш олон хүмүүсийн уран бүтээл, маш олон хүний хоол, цаашид энэ контентийг үнэ төлбөртэй үзэж хөрөнгө оруулалт хийснээрээ Монголын кино урлаг болон Телевизийн урлагийн хөгжилд маш том хувь нэмэр оруулж байгаа гэсэн үг. Хөрөнгө оруулалт орж байж чанартай уран бүтээлүүд гарах юм.
Найруулагч П.Дэлгэрбаяр:
Хүний оюуны бүтээлээс гарч байгаа энэ хөдөлмөрийг, бүтээлийг, өмчийг сошиал орчинд хэн нэгэнд хэнэггүйгээр тараах, шэйрлэж, бусдад үнэгүйгээр түгээх нь өөрөө их ичгэвтэр зүйл, тэр хүний соёл боловсрол, нэр хүндийг харуулж байгаа үйл явдал гэж ойлгож болно. Энэ арга хэрэгслээр бусдад хууль бусаар түгээх нь ичгэвтэр зүйл юмаа гэдгийг үзэгчиддээ ойлгуулах нь энэ аяны маань ач холбогдол байгаасай гэж хүсч байна. Хулгайн кино явуулдаг байсан хүн кинонд хайртай юм бол, илүү чанартай кино үзэхийг хүсч байвал энэ хууль бус орлогын эх үүсвэрүүдийг хаах ёстой. Гар бие оролцохгүй байх ёстой. Гадуур зарж байгаа CD, DVD-нүүд кино уран бүтээлчид биднийг хүчгүйдүүлж байгаа асуудал юм. Кино уран бүтээл өөрөө маш их хөрөнгө мөнгөөр бүтдэг, зардал өндөртэй урлаг. Бидний чадан ядан хийсэн бүтээлийг маань тал, талаас нь зулгаахгүй байж чадвал Монголын кино урлаг маш амархан босно гэдэгт би итгэдэг. Ингээд кинонд хайртай хүмүүстээ “Кино урлагаа хамгаалъя” аянд идэвхтэй оролцоорой гэж захья. Энэхүү аян маань 16-наас 30-ны хооронд 14 хоног үргэлжилж байгаа. Өөрсдийнхөө мөн сошиал орчинд энэ үзэл бодлыг түгээгээсэй гэж хүсч байна.