Уул уурхайн яамнаас сар бүр “Ил тод уул уурхай” сэдэвт мэдээлэл хийдэг билээ. Туд өчигдөр ээлжит мэдээллээ сэтгүүлчдэд өгсөн юм. Уул уурхайн сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар нийт 109 ажлын хэсэг ажилласнаас 51 ажлын хэсэг үүрэг болгосон ажлаа дуусгаж, одоогоор 58 ажлын хэсэг ажиллаж байгаа аж.
Монгол Улсад Газрын тосны салбар үүсч хөгжсөний 72 жилийн ойг хэдхэн өдрийн өмнө тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэхүү түүхэн ойг манай салбарын хамт олон газрын гүнээс ориглон гарах газрын тос адил өөдөө тэмүүлсэн амжилтаар угтсан гэдгийг онцолмоор байна. Газрын тосны салбарын ойн баяртай зэрэгцэн энэ салбарт нэгэн томоохон үйл явдал болсон нь эх орны минь газрын тос “MGL-93” бэлэн бүтээгдэхүүн болон монголын хэрэглэгчдэд очсон явдал юм. Гэвч энэхүү шатахууны талаар /үнэ өндөр, чанар муу/ таашаа мэдээлэл гарах болсон. Тиймээс энэ талаар тус яамнаас тайлбар хэлсэн юм.
Тэдний мэдээлж буйгаар “Монгол Улсад олборлон экспортлогдож буй газрын тосны үнэ Сингапурын хөрөнгийн бирж дээр “Дачин-33” нэрээр борлогддог. Манай газрын тосны үнэнд суурилан “MGL-93” шатахууны үнэ тогтоогдож байгаа. /Олон улсын жишгээр Түүхий газрын тосны биржийн үнээс бүтээгдэхүүний үнийг тооцдог/. Шатахууны чанарын тухайд БНХАУ-ын Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэр нь сүүлийн үеийн техникээр тоноглогдсон, орчин үеийн технологи бүхий үйлдвэр. Тиймээс “MGL-93” автобензин нь байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай бүтээгдэхүүн юм. “MGL-93” автобензин нь манай холбогдох стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа. Олон улсын жишгээр бол евро-2 стандартын бүтээгдэхүүн. Хойд хөршөөс авч байгаа бүтээгдэхүүн болон манай стандартын үзүүлэлттэй харьцуулахад октаны агууламж нь 1.5 нэгжээр илүү байгаа нь дутуу шаталтаас үүсэх хорт хийг бага ялгаруулна. Мөн давирхай, хар тугалганы агууламж ч евро-2 стандартад зааснаас бага байгаа.
Тиймээс “MGL-93” шатахууны чанарт эргэлзэх хэрэггүй гэдгийг дахин хэлье. Одоогоор “MGL-93“ шатахуун нь АИ-92 автобензины нийт зах зээлийн 25 орчим хувийг эзлэхээр байгаа. Цаашид бид газрын тосоо өөрсдөө боловсруулах, мөн нүүрсийг шингэрүүлэх болон шатдаг занараа ашиглах байдлаар шатахуун гаргаж эх орныхоо хэрэгцээг бүрэн хангах, улмаар газрын тосны бүтээгдэхүүн экспортлогч орон болох зорилт тавин ажиллаж байна” гэсэн юм.
Австралийн “New South Wales” их сургуульд тэтэглэгээр сурах боломжтой
Энэ сарын 22-24-ны өдрүүдэд Австрали Улсын Сидней хотноо болсон “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага”/ОҮИТБС/ олон улсын хуралд Уул уурхай сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. Дээрх хуралд Уул уурхайн сайд олборлох салбарын ил тод байдал, уул уурхайн салбарын орлогын тэгш хуваарилалтын талаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга хийсэн байна. ОҮИТБС-ын Олон улсын удирдах хорооноос Монгол Улсыг хариуцлагатай ил тод байдлын санаачлагыг амжилттай хэрэгжүүлж байгааг онцлон дурьдсан аж.
Энэхүү арга хэмжээний үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг ОҮИТБС-ын Олон улсын удирдах хорооны дарга хатагтай Клейр Шорттой, Австралийн Холбооны Засгийн газрын Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд Гэри Грэй, тус яамны Эрдэс баялагийн газрын захирал хатагтай Таниа Констэбл зэрэг албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой болгох уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн байдал, мэргэжилтэн сургах гээд олон сэдвээр санал солилцжээ. Уул уурхайн сайд Д.Ганхуяг Австрали Улсад хийсэн айлчлалынхаа үеэр дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлдэг сургалт эрдэм шинжилгээний төв болох “New South Wales” их сургуулийн захиралтай уулзаж Монгол Улсын Уул уурхайн яам “New South Wales” мужийн их сургуулийн хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр тус их сургуульд уул геологи, уул уурхай болон бусад техникийн нарийн мэргэжлээр Австрали улсын техникийн хамтын ажиллагааны хүрээнд Австралийн талаас холбогдох зардлыг хариуцан богино, дунд хугацааны сургалт, судалгаа шинжилгээний ажлууд хийгдэх юм.
Уул уурхайн сайд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Шадар туслах, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирлын орлогч Ребека Гринспан, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга, Бундестагийн гишүүн хатагтай Гудрун Копп болон Австралийн Бизнес зөвлөл, Австралийн Эрдэс баялагийн зөвлөлийн гишүүдтэй тус тус уулзаж Монгол Улсын Засгийн газар олон улсын хамтын нийгэмлэгтэй цаашид хамтран ажиллах байр сууриа илэрхийлж, Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах талаар харилцан санал солилцлоо.
Долоон ордыг Стартегийн ач холбогдолтой ордод нэмж оруулна
“Ашигт малтмалын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр заасан.
Үүний дагуу Уул уурхайн яаманд ажлын хэсэг байгуулагдан ашигт малтмалын томоохон ордуудыг судалж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан.
Энэ удаад Засгийн газрын 2013 оны 100 дугаар тогтоолын 7 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ашигт малтмалын төрөл, нөөцийн хэмжээгээр нь чухалчлан үзэж алтны 1, нүүрсний 2, газрын ховор элементийн 4, нийт 7 ордыг /Хөшөөт, Цайдам нуур, Гацуурт, Хотгор, Мушгиа худаг, Лугийн гол, Халзан бүргэдэй/ Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулахаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан Засгийн газарт танилцуулахад бэлэн болгоод байна.
Саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсний дараа “Ашигт малтмалын тхай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасны дагуу УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд эдгээр ордуудыг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
Хятадын аж ахуйн нэгжүүд манай томоохон төсөлд хамтран ажиллах сонирхолоо илэрхийлэв
БНХАУ-ын Бээжин хотноо болсон “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын XIII хуралдаан”-д Уул уурхайн яамнаас Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Түлшний бодлогын хэлтсийн дарга А.Эрдэнэпүрэв нар оролцсон байна. Тус хуралдааныг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Комиссын Монголын хэсгийн дарга Шадар сайд Д.Тэрбишдагва, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийг Комиссын Хятадын хэсгийн дарга Худалдааны яамны орлогч сайд Чэнь Зянь нар тэргүүлэн оролцсон. Дээрх хуралдааны үеэр Хятадын томоохон аж ахуйн нэгжүүд Таван толгойн нүүрсний орд, Оюу толгойн зэсийн орд зэрэг төслүүдэд хамтран ажиллахыг идэвхитэй дэмжиж байгаагаа хятадын тал дахин нотлов.
Харин Монголын тал Хятадын аж ахуйн нэгжүүдийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхийг дэмжиж буйгаа илэрхийлээд Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтад оролцох, Монголын нүүрсний ордыг түшиглэн боловсруулах үйлдвэр барих, мөн нүүрс, занараас хий гаргах чиглэлд хамтран ажиллах боломжийг эрэлхийлнэ гэж найдаж байгаагаа монголын тал илэрхийлэв.
Монголын тал нүүрс, жонш, төмрийн хүдэр болон ган төмөрлөгийн боловсруулсан бүтээгдэхүүн, хүхрийн хүчил зэрэг дайвар бүтээгдэхүүнийг Хятад руу экспортлох хэмжээ зэрэг асуудлаар хятадын талтай холбоотой ажиллаж, нүүрсний худалдааны орчинг сайжруулах асуудлыг хамтран судлана гэж найдаж буйгаа илэрхийлэв. Хятадын тал хоёр талын холбогдох аж ахуйн нэгжүүд шууд ярилцаж, хэрэв Засгийн газраас оролцох шаардлагатай бол ЗГХК зэрэг одоо байгаа хамтын ажиллагааны механизмуудыг ашиглах боломжтойг илэрхийлэв. Хятадын тал дамжин өнгөрөх тээвэр, далайд гарах гарц зэрэг асуудлаар монголын талд шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байгаа гэлээ.
Монгол, Хятад, Оросын хооронд түүхий газрын тос харилцан солилцох замаар Дарханы газрын тосны үйлдвэрт 2 сая тонн түүхий газрын тос нийлүүлэх асуудлыг судлахыг монголын тал санал болгов. Монголын тал тодорхой саналаа Хятадын “Петрочайна” компанид өгч, талууд газрын тосны салбар дахь хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлнэ гэж найдаж байгаагаа хятадын тал илэрхийлэв.
Дээрх хурлаар яригдсан асуудлыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаж ирэх Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлдэж байна.
Газрын тосны салбараас олох орлого нэмэгднэ
Уул уурхайн яам Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан яамдаас санал авахаар хүргүүлээд байна.
Газрын тосны тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж, газрын тос, уламжлалт бус газрын тосны эх үүсвэрийн талаархи ойлголт, төрийн байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг тодорхой болгон, роялти, татварын хувь хэмжээ, түүнийг оногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцааг боловсронгуй болгон хуульчлах зайлшгүй шаардлагатай байгаа тул уг хуулийн төслийг боловсрууллаа.
Газрын тосны салбараас улсын төсөвт орох татварын орлогын зарим хэсгийг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт хуваарилах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Ингэснээр уг үйл ажиллагаанд орон нутгийн иргэд байгууллагын хүртэх үр ашиг, оролцоо нэмэгдэх юм.
Газрын тосны нөөц ашигласны төлбөр, тусгай зөвшөөрлийн төлбөр зэргийг тус бүр нарийвчлан томъёолж, түүнийг хуваарилах зарчим, хэмжээг хуульчлахаар боловсруулсан. Газрын тосны тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчин, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй ажиллагаа, мэдээ, тайлан гаргах үйл ажиллагааны талаар хүлээх үүргийг нарийвчлан тусгаж, зөрчсөн тохиолдолд ногдуулах хариуцлагыг ч төсөлд тодорхой тусгасан болно.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг боловсруулав
Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн батлах хугацаа Эрдэс баялагийн салбарт төрөөс баримтлах бодлогыг боловсруулж батлахтай холбоотойгоор хойшлогдож байгаа тул “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-ийн төслийг боловсруулж холбогдох яамдаас санал авахаар хүргүүлээд байна.
Уг хуулийн төсөл нь 10 бүлэг, 46 зүйлтэй. Энэхүү хуулийн төсөлд тусгаснаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа нь одоо мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд заасантай адил байна. Гэхдээ хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг Ашигт малтмалын газар хүлээн авч шүүлт хийн тусгай зөвшөөрөл олгох боломжтой тохиолдолд хайгуул хийх талбай орших аймгийн Засаг даргад хүргүүлж аймгийн Засаг дарга нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эсэх асуудлыг шийдэх юм. Аймгийн Засаг дарга нь хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон, эсхүл олгоогүй тухайгаа Ашигт малтмалын газарт мэдэгдэж кадастрын бүртгэл хийлгэнэ. Ингэснээр бусад тусгай зөвшөөрөлтэй давхцал үүсэхгүй юм. Харин ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд давуу эрхээр бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгодог зарчмаар олгох юм.
Мөн бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгодгоос онцлог зүйл гэвэл улсын төсвийн хөрөнгөөр судалгаа явуулж тогтоосон эрдсийн хуримтлал бүхий талбай болон Ашигт малтмалын тухай хуульд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох талбайд сонгон шалгаруулалтгүйгээр олгох боломжийг нээж өгсөн. Ерөнхийдөө түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох газрыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тодорхойлж байх юм.
Эвдрэлд орж эзэнгүй орхигдсон талбайг энэ жил нөхөн сэргээнэ
1992 оноос хойш улсын хэмжээнд 540 гаруй аж ахуйн нэгж уул уурхайн үйл ажиллагаа явуулж 19292.6 га газрыг эвдрэлд оруулсан байна. Үүнээс, техникийн нөхөн сэргээлт хийсэн талбай 9541.5 га, биологийн нөхөн сэргээлт хийсэн талбай 4476.2 га байна. Уул уурхайн үйл ажиллагаанаас болж эвдрэлд орсон талбайн 50 хувьд нь нөхөн сэргээлт хийгдсэн байна.
Мөн нөхөн сэргээлт хийгдээгүй 9751 га талбай байна. Монгол Улсын хэмжээнд 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 4320.5 га талбай эвдэрч эзэнгүй орхигдсон байна.
2013 оны улсын төсөвт Уул уурхайн олборлолтоос эвдрэлд орж эзэнгүй орхигдсон талбайд нөхөн сэргээлт хийхээр 1 тэрбум төгрөгийг Уул уурхайн сайдын багцад тусгасан. Үүний дагуу эзэнгүй орхигдсон тооллоготой талбайнуудын аль хэсэгт, хичнээн хэмжээний талбайд нөхөн сэргээлт хийх талаар БОНХЯ-наас санал авч, Налайх дүүрэг, Өвөрхангай аймгийн Нарийн тээл, Уянга, Баруунбаян Улаан болон Баянхонгор аймгийн Баян-Овоо, Бөмбөгөр зэрэг сумдын нийт 150 га талбайд нөхөн сэргээлт хийх тухай Уул уурхайн сайдын 2013 оны 98 дугаар тушаал гарсан. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны 2012-2016 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд уул уурхайн хайгуул, олборлолтоос бохирдож, эвдрэлд орсон газруудад нөхөн сэргээлт хийсэн үйл ажиллагаанд хяналт тавьж, үнэлгээ өгч дүгнэлт гаргах зорилго бүхий ажлын хэсэг Байгаль орчин ногоон хөгжлийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан А103/73 дугаар тушаалаар байгуулагдан ажиллаж байна.
Эх сурвалж: