Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг:Хуулийн байгууллага аавын минь хэргийг яаралтай, үнэн зөв шийдэж өгнө гэдэгт итгэл алдраагүй хүлээж байна

Төрийн ордонд амь насаа алдсан Г.Батхүү агсны хэрэгтэй холбогдуулан түүний гэр бүлийнхэн өнөөдөр /2020.01.22/ анх удаа хэвлэлийнхэнд хандаж, мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Хуульч, өмгөөлөгч Ж.Батхуяг Цагдаагийн байгууллагаас Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад найман сарын хугацаа өнгөрлөө. Одоо болтол хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Өнгөрсөн хугацаанд талийгаачийн ар гэрээс албан ёсоор мэдээлэл хийгээгүй. Харин сошиал орчинд төрөл бүрийн мэдээлэл явсан. Энэ бүхэнд ар гэрийн зүгээс хүлээцтэй хандсан.

Монгол ёс заншлаа бодсон ч талийгаачийн ясыг өндөлзүүлэх нь зохимжгүй. Энэ мэт нөхцөл байдлын улмаас шалгагдаж байгаа хэргийн талаар тайлбар хийлгүй ирсэн. Гэвч хэргийг улстөржүүлэх хандлага ажиглагдах боллоо. Тиймээс бидэнд байгаа мэдээллийг хүргэхээр шийдсэн юм.

Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг дэлгэрэнгүй унших боломжгүй. Эмнэл зүйн үг хэллэг ихтэй олон хуудас материал байгаа. Харин анхаарал татсан дүгнэлтээс танилцуулъя.

Дүгнэлтэд: Талийгаачийн баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр хөхрөлт хавдалт үүссэн.Задлан шинжилгээний явцад хүзүүний зүүн хажууд 7х0.5 см-ийн хэмжээтэй улайлт үүссэн. Өвчний улмаас цус харваагүй, гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн гэсэн дүгнэлт гарсан байна.

Энэ хэрэгт холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүнээс үнэн худлыг шалгах багажаар тест авахад “Асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр байсан” гэсэн дүгнэлт гарсан.

Хэргийн газрын үзлэг хийх явцад талийгаачийн гар утсыг хурааж авсан байдаг. Хохирогчийн гар утасны шинжилгээний дүгнэлттэй танилцахад гар утсан дээр ямар нэгэн мэдээлэл байгаагүй. Түүнийг сэргээх ямар ч боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна.

Хэргийг шалгах явцад хохирогчийн гэр бүлийнхэн рүү хэргийн талаар хэргийг харсан үзсэн гэх мессежийг нэг этгээд бичсэн. Энэ мэдээллийг шалгах явцад хэн болох нь тогтоогдсон.Тэр хүн энэ хэргийг “би энэ хэргийг мэдэхгүй ”гэж тайлбар өгсөн байна лээ.

Мөн задлан шинжилгээ явуулахын өмнө талийгаачийн ар гэрийнхний зүгээс MRI аппаратад оруулъя гэх хүсэлтийг шүүх эмнэлэг хүлээж аваагүй.

Гар утсыг шалгахдаа гар утасны гадаргуу дээр ямар нэгэн биологийн ул мөр байна уу гэдгийг шинжилгээнд явуулж тогтоох ёстой байсан , гэтэл түүнээс өмнө дотор нь юу байна гэдгийг шалгасан. Уг нь энэ хоёрын дараалал эсрэгээрээ байх ёстой.
“гэх мэдээлийг өглөө.

Б.Ганхөлөг: Хүзүүн дээр гарсан улайлт заамдалтын улмаас улайсан гэж бодож байна

Г.Батхүү агсны хүү Б.Гөнхөлөг“Аав минь нас бараад найман сар өнгөрлөө. Бид маш тэвчээртэй ажиглалаа. Бидний хувьд хүнд өдрүүд өнгөрч байна. Ээжийн маань сэтгэл санаа хүнд байна. Дөрвөн настай үлдсэн бага дүү маань бэтгэрээд хэцүү байна. 2019.05.17-ны өдөр бидний хувьд хар толбо үлдээсэн өдөр байлаа. Ийм өдөр ирнэ гэж төсөөлж байсангүй. Аав минь өглөө гэрээсээ гараад ажилдаа явсан. Өдөр нь Төрийн ордонд ажлын хэсгийн хуралтай байсан. Төрийн ордонд ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж явсан хүн ордноос буцаж гарч ирээгүй. Бид нар хэргийг гаднын нөлөөтэй гэж үзэж байгаа. Яах аргагүй гаднын нөлөөтэй.Өндрөөс унасан л гэж байгаа. Гэтэл аавын баруун нүд нь хөхөрч хавдсан байсан. Унаагүй талын баруун нүд тэр хэсэгтээ нэлээд том хавдартай болсон байсан. 

Бид ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ. Амьд явах баталгаа байна уу. Бид цаашид яаж амьдрах вэ. Төр, нийгмийн зүтгэлтэн, Засгийн газрын гишүүн гурван удаа, УИХ-ын гишүүн гурван удаа хийж байсан хүн Төрийн ордонд төрийн тусгай хамгаалалттай объектод амь насаа алдлаа. Ийм хэрэг болчхоод найман сар өнгөрөөд байхад ямар ч шийдэл гарсангүй. Гэтэл жирийн ард иргэнд ийм хэрэг тохиолдвол яах бол гэдгийг би төсөөлөхгүй байна.

Монгол Улс төртэй. Хуулийн байгууллага аавын минь хэргийг яаралтай, үнэн зөв шийдэж өгнө гэдэгт итгэл алдраагүй хүлээж байгаа” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …