Шинэ төрлийн коронавирсийн халдвартай холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Өнөөдрийн 10 цагийн байдлаар дэлхий дахинаа шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 4,474 нас баралт 106-д хүрлээ. Халдвар авсан байж болзошгүй хүний тоо 5,796 гарсан.
Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Нэгдүгээр сарын 9-27-ны хооронд нийт 13 хүний ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ авсан. Тэдгээр иргэд БНХАУ-д зорчоод ирсэн, халуурсан шинж тэмдэгтэй байсан бөгөөд дөрвөн хүнээс томуугийн А хүрээний вирус илэрсэн.
Архангай, Ховд аймагт сэжигтэй тохиолдол гарсан нь үгүйсгэгдсэн. Уушгины хатгалгааны улмаас нас барсан тохиолдлуудыг нягталж, шалгаж байна. Өмнөговь, Булган, Хэнтий аймагт халуурсан тохиолдол гарсныг шинжилж байгаа.
Оношлуур өчигдөр Япон Улсын Халдварт Өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс ирсэн. Оношлуур ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид ашиглагдаад эхэлсэн.
НЗДТГ-аас зах худалдааны төвүүдийг хаахгүй учраас хүнсний бүтээгдэхүүн нөөцөлж хомсдол үүсгэх шаардлагагүйг мэдэгдсэн.
Манай улс Ухань хотоос иргэдээ авах хүсэлтээ гаргасан. Одоогоор 10 улс БНХАУ-аасиргэдээ авах хүсэлт гаргаад байгаа юм байна. БНХАУ-ын зүгээс иргэдэд нь шаардлагатай эрүүл мэндийн үзлэг хийгээд хүсэлтийг шийдвэрлэж байгаа” гэлээ.
Амны хаалтын үнийн зохиомол хөөрөгдөл үүсэх магадлалтай байна. Ашиг хонжоо хайсан зарим хүн эмийн сангуудаас амны хаалтыг бөөндөж авч байгааг бид буруушааж байна. Дотоодод амны хаалт үйлдвэрлэж буй хоёр үйлдвэр байгаагийн нэг нь хоногт 42,000 ширхгийг, нөгөө нь хоногт 30,000 ширхгийг үйлдвэрлэх боломжтой”гэх мэдээллийг өглөө.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн бэлэн байдлыг шалган, үнэлгээ зөвлөмжөө өгч байна. Орон нутагт эмийн нөөцийн зургийг авч баталгаажуулж байна. Мөн хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн биеийн байдлын талаарх мэдээллийг тогтмол авч ажиллаж байгаа.
БНХАУ-д уламжлалт сар шинийн баяр болсонтой холбоотойгоор хилийн хязгаарлалт хийсэн хугацаа өндөрлөж байгаагаас хилээр орж ирэх Монгол иргэдийн тоо нэмэгдсэн. Тиймээс хилийн боомтуудад өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна. Сэжигтэй тохиолдол илэрвэл яаралтай тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа” гэлээ.