2019 оны “Мазала Үндэсний Дээд Лиг”-ийн аварга Улаанбаатар Сити клуб “AFC CUP – 2020” тэмцээний урьдчилсан шатанд Тайваний “Тайпауэр” багтай учраа тааран тоглохоор сугалаа таарсан.
Хуваарь ёсоор хоёр багийн эхний тоглолт Монголын Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбайд явагдах байсан ч цуцлагдаж байна.
Учир нь БНХАУ-д гарсан короновирусын тархалт газар авсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн Газар 01 сарын 31-ны өдөр хуралдаж 03 сарын 02-ны өдрийг хүртэл БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, авто замын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг нэвтрүүлэхийг хориглосон. Тиймээс Тайпауэр багийн тамирчид Монгол улсын хилээр орж ирэх боломжгүй болсон юм.
Мөн Улаанбаатар Сити клубийн тамирчид ч Тайвань улсад зочлон тоглох боломжгүй. Учир нь Засгийн газрын ээлжит бус тус хуралдаанаар Монгол улсын иргэдийг БНХАУ-д зорчихыг хориглосон билээ. Азийн Хөлбөмбөгийн Холбоо хоёрдугаар сарын 4-нд шуурхай хуралдааныг зарласан бөгөөд тус хуралдаанаар “AFC CUP 2020” болон “Азийн Аваргуудын Лиг”-ийн зүүн бүсийн тоглолтуудтай холбоотой асуудлуудаар хэлэлцэхээр болсон байна. Бид та бүхэнд тус тоглолт хаана, хэзээ явагдах талаар цаг тухайд нь шуурхай мэдээлэх болно гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.