Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Гандинагар хотод боллоо.
Энэ удаагийн тэмцээнд 28 орны 250 гаруй тамирчин оролцсон бол манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Мартын удирдлагад эмэгтэйчүүдийн 63 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Хонгорзул, +86 кг-д дэд мастер Г.Чинболор, эрэгтэйчүүдийн 79 кг-д спортын мастер И.Амарсанаа, 88 кг-д У.Мөнхбаяр өрсөлдөөд эх орондоо ирлээ.
Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 86 кг-ын жинд өрсөлдсөн үндэсний шигшээ баг, Спортын төв сургуулийн сурагч Г.Чинболор огцмоор 81 кг, 86 кг, 88 кг, түлхэлттэйгээр 103 кг, 108 кг, 112 кг, нийлбэр дүнгээр 200 кг-ыг өргөснөөр “А” группт өрсөлдсөн 11 тамирчнаас VI байр шалгарчээ. Тэгвэл эмэгтэйчүүдийн 63 кг-д үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Хонгорзул огцомоор 83 кг, 86 кг, 89 кг, түлхэлттэйгээр 107 кг, 113 кг, 117 кг, нийбэл дүнгээр 206 кг-ыг өргөж, мөн VI байр эзэлсэн байна.
Харин эрэгтэйчүүдээс 94 кг-д үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, 30-р сургуулийн сурагч тамирчин, спортын мастер У.Мөнхбаяр огцмоор 123, түлхэлттэйгээр 151, нийлбэрээр 274 кг-ыг өргөжээ. Ингэснээр өнгөрсөн жилийн долоодугаар сард Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд өргөсөн 236 кг-аа 38 кг-аар ахиулсан байна. Мөн “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер И.Амарсанаа 79 кг-д огцмоор 108 кг, 113 кг, 118 кг, түлхэлттэйгээр 126 кг, 128 кг, нийлбэрээр 246 кг-ыг өргөж, X байр эзэлсэн байна.
Монголын хүндийг өргөлтийн холбооноос өнгөрсөн хоёрдугаар сард шигшээ багаа шинээр бүрдүүлсэн бөгөөд шинэ бүрэлдэхүүнтэй шигшээ баг анхны олон улсын тэмцээндээ оролцлоо.
Эх сурвалж: Momtsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл

