Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр хэд хоногийн өмнө өөрийн унаж байсан “Ланд круизер 200” маркийн УНД – 0073 машинаа Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчдад бэлгэлжээ. Агентлагийнхаа эзэмшлийн автомашинаа ийнхүү өөр байгууллагад шилжүүлсэн нь сонин тохиолдол болов. Тэрбээр автомашинаа бэлэглэх болсон талаараа “Онцгой байдлын алба ямар хэцүүг би мэддэг. Цас зуд, гал усны аюул гээд хамгийн хүнд хүчир газарт тэд ажилладаг. Боломж гарвал тэдэнд тусалж байх юмсан гэж боддог юм. Намайг энэ албанд ирэхэд өмнөх даргын унаж байсан цоо шинэ хар машин байсан. Эргэлзээгүйгээр онцгойгийнхондоо бэлэглэчихлээ. Бид нар яахав, хөдөө гадаа явах нь бага учраас жижиг машин байхад болно. Төсөв хүнд байгаа үед онцгойгийнхонд шаардлагатай унаагаар нь хангах ёстой” гэсэн байна. Тэрбээр төсөв хүнд байгаа энэ үед үнэтэй машин унаж, тансаглахыг хүсээгүй гэдгээ ийнхүү тайлбарлажээ. Түүний үнэтэй машин унахгүй гэдгээ зарлаж байсан нь анхны тохиолдол биш юм. ЦЭГ-ын даргаар томилогдсоныхоо дараахан “Их шатахуун зарцуулдаг “Ланд” автомашин хэрэггүй. Соната-6 машин байхад хангалттай байна” хэмээж, төрийн албаны дарга нартаа уриалаад авсан юм. Улсын төсөв хүрэлцэхгүй, танахад хүрч буй энэ үед ийнхүү санхүү хэмнэх санаачлага гаргаж байгаад нь баяр хүргэмээр байна. Түүний Онцгойгийнхонд өгсөн “Ланд круизер 200” маркийн автомашиныг дарга нь биш, хүнд ажлаа нугалах жирийн ажилчид нь унаасай гэж хүсэх байна. Н.Тэгшбаяр дарга ч бэлгэнийхээ араас анхаарал хандуулах биз ээ.
Т.АМАРТҮВШИН
УЛС ТӨРИЙН ТОЙМ