Улаанбаатар хотод өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэл хотод хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтуудыг нийгэм, эдийн засгийн хувьд эрэмбэлж иргэдийн ажил амьдралтай уялдуулж, дүүрэг хороодод тулгамдаж байгаа асуудал бүрт газар дээр нь очиж, холбогдох албаныхантай хамтран шийдвэрлэж байгааг хотын Захирагч мэдээллийнхээ эхэнд онцолж хэлсэн юм.
Өнгөрсөн 2019 оноос эхлэн эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй, банк санхүүгийн барьцаанд тавигдсан, хувийн эзэмшилд очсон олон нийтийн эдэлбэр газруудын судалгааг холбогдох албаныхан гаргасан байна. Үүнтэй холбогдуулан зарим томоохон газруудыг нийтийн эзэмшилд буцаан авч эхэлжээ.
Хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотод нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ хангалттай биш байгаа. Ногоон байгууламжийг нэмэгдүүлж, олон улсын жишигт нийцсэн ногоон байгууламжтай болохоор зорьж ажиллаж байна. Сүүлийн өдрүүдэд Сүхбаатарын талбайн урд хэсэгт стандартын дагуу хийгдэх гэж байгаа тохижилтын асуудалд улс төрийн шинжтэй, иргэдэд буруу ойлголт төрүүлэхүйц мэдээлэл тарааж байна. Улаанбаатар хот 2020 онд томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүдийг засварлаж шинэчлэх, зориулалтын усалгааны системтэй ногоон байгууламжтай талбай болгох ажлууд эхлээд явж байна” хэмээлээ.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд 1,8 га газарт хувийн хэвшилд олгосон газрыг нийтийн эзэмшилд буцаан авч, хөлбөмбөг спортын томоохон байгууламж байгуулж байна. Мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах РЦНК төвийн баруун урд талд 2,4 га талбайд болон Хан-уул дүүргийн 15 дугаар хороо Богд хааны ордон музейн орчимд цэцэрлэгт хүрээлэнгийн тохижуулалт хийгдэж байгаа билээ. Түүнчлэн Баянгол дүүргийн 1,3,4 дүгээр хорооны нутагт орших Төмөр замын арын цэцэрлэгт хүрээлэнд Авлигатай тэмцэх газарт орон сууцны зориулалтаар олгогдсон байсан захирамжийг цуцалж, нийт 4 га газарт “Төмөр замын цэцэрлэгт хүрээлэн” болгож тохижуулсан талаар хотын Захирагч дуулгалаа.
Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсгийн 1,8 га газар “UB констракшн” хэмээх компанийн эзэмшилд орж, 10 сая долларын банкны барьцаанд тавигдсан байсныг таслан зогсоож нийтийн эдэлбэр газар болгон тохижуулж эхэлсэн талаар хотын Захирагч С.Амарсайхан онцоллоо.
Тэрбээр хэлэхдээ “Сүхбаатарын талбайн урд хэсэг 2006 онд хувийн эзэмшилд олгосон байдлыг 2019 онд газар эзэмших эрхийг нь цуцалж, нийтийн эзэмшилд авсан. Үүнээс хойш олон нийтээс санал авч, зураг төслийн уралдаан зохион байгуулж цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажил эхлээд явж байна. Тохижилтын хүрээнд автомат усалгаатай, 800 кв.метрийн хэмжээтэй дугуйн талбайтай, хоёр нийтийн бие засах газар байгуулж тохижуулахаар төлөвлөж байна. Мэргэжлийн байгууллагын зөвлөмж, иргэдийн санал, нарийвчилсан зураг төслийн дагуу олон улсын жишигт нийцсэн ногоон байгууламж хийгдэнэ. Тохижилтыг ямар нэгэн хувийн компани гүйцэтгээгүй, нийслэлийн Тохижилт үйлчилгээний 100 гаруй ажилтан албан хаагчид хийж байгаа. Улс төрийн зорилгоор иргэдэд буруу мэдээлэл өгч, төрийн захиргааны байгууллага иргэдийг хооронд нь талцуулж, улс төрийн болон хувийн, бизнесийн ашиг сонжоо хайсан хүмүүс бүтээн байгуулалтыг зориуд харлуулж байна” гэв.
Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га газрыг эзэмшиж байсан “UB констракшн” компанийнхан шүүхээр заргалдаж эхэлсэн бөгөөд газрыг буцааж авахын тулд зохион байгуулалттай сүлжээ ажиллаж байгааг хотын Захирагч дуулгаад, Сүхбаатарын талбайн урд хэсгийн нийтийн эдэлбэрийг ногоон байгууламж болгож тохижуулах ажил зогсохгүй гэдгийг онцолж хэллээ. Цаашид нийслэл хотод зориулалтын дагуу ашиглагдаагүй, хогийн цэг болсон газруудад иргэдээс санал асуулга авч тохижуулах аж.