Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” музей байгуулах тухай шийдвэрийг гаргасан. Музейн барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх арга хэмжээ өнөөдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй уг музейн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон Төр, нийгэм, урлаг соёлын зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэдийн төлөөлөл оролцлоо.
Бүтээн байгуулалтыг эхлүүлэх арга хэмжээг нээж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Өнөөдөр монгол түмний хувьд түүхэн өдөр тохиож байна. Засгийн газар 2019 онд Чингис хаан музейг байгуулах түүхэн шийдвэр гаргасан. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг хаврын тэргүүн сарын шинийн 17-нд ийнхүү эхлүүлж байна. Энд монголын түүхийн судалгаа сургалт, соён гэгээрлийн цогцолбор байх болно. Мөн соёлын хосгүй үнэт дурсгал, дэлхий даяар тархсан монголчуудын түүхийн их өвийг дэлгэх юм. Энэ нь эх түүхээ, эх соёлоо дээдлэх, хайрлах үзлийг түгээх, төлөвшүүлэх ач холбогдолтой” гэдгийг онцолж хэлэв.
“Чингис хаан” музейн Монголын анхны тулгар төр Хүннүгийн эзэнт улсын Модун Шаньюйгаас эхлэн хүн төрөлхтөний түүхэнд агуу их үйлийг бүтээсэн Их Монгол улсаас ХХ зууны шинэ Монгол Улс хүртэлх хаад, язгууртны бүрэн түүхийг багтаах аж. Музейн сан хөмрөг Монгол нутгаас олдсон археологийн дурсгалууд, дэлхийн музейдын сан хөмрөгт хадгалагдаж буй өв, үзмэр, эд өлгийн зүйлийн хуулбар, уран дархан, урчуудын уран бүтээлүүдээс бүрдэх юм байна.
Музейн барилга нь 20500 кв.м талбайтай, нийт есөн давхар бүхий олон улсын музейн стандартыг хангасан судалгаа, сургалт, танин мэдэхүй, соён гэгээрлийн цогцолбор болох аж. Уг музейг 2021 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс