Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг түр хугацаагаар хойшлууллаа

Монголбанкнаас Ковид-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор шаардлагатай боломжит арга хэмжээг бусад улс орнуудын туршлага болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж байна. Эдгээр арга хэмжээг зөвхөн мөнгөний бодлогын арга хэрэгслээр хязгаарлалгүй, макро-зохистой бодлого болон хяналт шалгалтын хүрээнд банкуудад мөрдүүлдэг зарим нэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг түр хугацаанд уян хатан байдлаар өөрчлөн тогтоох арга хэмжээг мөн багтаасан болно.

Зээлдэгчийн зээлийн эргэн төлөх нөхцөлийг дахин өөрчлөх, эргэн төлөлтийн доголдолтой зээлийн ангилал, зээлийн түүхийг түр хугацаанд бууруулахгүй байх асуудлыг бие даан шийдвэрлэх боломжийг банкуудад олгоод байгаа билээ. Ингэснээр зээлдэгчид зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, Зээлийн мэдээллийн санд ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлж байна.

Энэ арга хэмжээний хүрээнд Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл авсан иргэдийг хамруулах зорилгоор Монголбанк, Сангийн яам, Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК болон банкууд хамтран дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

  1. Орон сууцны ипотекийн 8 эсхүл 5 хувийн хүүтэй зээл авсан иргэн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэг удаа 3 хүртэлх сараар хойшлуулж, тухайн хугацаагаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг уртасгах;
  2. Зээлийн эргэн төлөлтөд нь 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш доголдол үүссэн зээлдэгчид энэхүү зохицуулалт үйлчлэх боломжтой бөгөөд доголдол үүссэн хуваарьт өдрөөс эхлэн эргэн төлөлтийг хойшлуулах хугацааг тооцох;
  3. Зээлдэгч зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулах хүсэлтээ 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харилцагч банкиндаа гаргана.

http://credit-n.ru/microzaymi-blog-single.html

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …