Шинэ коронавирусний цар тахлын улмаас дэлхий даяар нэг тэрбум гаруй хүн ажилгүй болж магадгүй. Энэ тооцооллыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасныг “Блүүмберг” агентлаг дамжууллаа. “Цар тахлаас болж тэрбум гаруй хүн ажлаа алдахаас гадна цалин нь буурч болзошгүй. Ялангуяа зочид буудал, нийтийн хоол, төрөл бүрийн үйлдвэрлэл, жижиглэн худалдааны салбар өртөх эрсдэл өндөр байна. Эдгээр салбарын ажилтнуудын ажлын цаг багасахаас цалин буурах, цаашилбал халагдах эрсдэлтэй” гэж Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас мэдээлжээ.
Арабын орнуудад бүтэн цагаар ажил эрхэлдэг хүмүүсийн таван сая нь цомхотголд орж болзошгүй бол Европт 12 сая хүн ажилгүй болох эрсдэлтэй байна. Харин Ази-Номхон далайн бүсэд 125 сая хүн ажлаасаа халагдаж болзошгүй болжээ. Тэр дундаа дунджаас дээш орлоготой орнууд ажилгүйдэлд ихээр өртөж, 2008-2009 оны санхүүгийн хямралын үзүүлэлтийг давна гэж Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас тооцоолжээ.
Дэлхийн олон орны Засгийн газар цар тахлын үеэр компани, ажилтнуудын хооронд үүсэх асуудлыг зөөллөхийн тулд хэдэн тэрбумын зардал гаргаж байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас ч аливаа улс орнуудыг ажлын байраа цомхотгох, хаахаас хамгаалахад компани, ажилтнуудад туслахыг уриалж байгаа юм.
Дэлхий дахинаа шинэ коронавирусний дэгдэлтээс үүссэн хямралаас болж 2020 оны хоёрдугаар улиралд ажлын цаг 6.7 хувиар багасах төлөвтэй байна гэж энэ байгууллагаас өмнө нь мэдээлжээ.
Эх сурвалж: mnb.mn