Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. Төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр дэд төвүүдэд нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн нийт 50 гаруй ажлууд хийгдэж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр холбогдох албаны хүмүүсийн хамт дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж ажиллалаа.
““Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн I үе шатны хүрээнд Сэлбэ дэд төв Сүхбаатар дүүргийн 14-р хороонд барьж буй 28Мвт хүчин чадалтай гурван зуух бүхий дулааны станцын барилга угсралтын ажил 70 гаруй хувьтай хэрэгжиж байна. Сэлбэ дулааны станц баригдаж бүрэн ашиглалтад ороход эхний ээлжинд 35 дугаар сургууль, 51 дүгээр цэцэрлэг гэх мэт төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллагууд холбогдоно.
Мөн гэр хорооллын айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээг жилд 15 мянган тонноор бууруулж, 10000 өрхийн зуух, 10 гаруй аж ахуйн нэгжийн уурын зуухыг халах боломжтой болно” хэмээн “Гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөр төсөл”-ийн дулааны инженер Х.Цолмонбаяр танилцуулав.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Гэр хорооллын айл өрхүүдийг дэд бүтцэд холбож, эрүүл ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах ажил үе шаттай хийгдэж байна. Цаашид ажлын төлөвлөгөөгөө илүү нарийн гаргаж, цаг хугацаатай уралдаж ажиллаж шаардлагатай. Сэлбэ дулааны станцын ажлыг тохижилтын ажилтай нь хамт хийж, шуурхай чанартай гүйцэтгэхэд холбогдох газрууд сайн хяналт тавьж ажилла” хэмээн гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг өглөө.
Мөн “Гэр хорооллын томоохон дэд төвүүд, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар иргэдийг бодит мэдээллээр байнга хангах ажил дутуу хийгдэж байна” гэдгийг онцолж хэлсэн юм.
Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд цэцэрлэгт хүрээлэн баригдана
Үүний дараа Хотын Захирагч С.Амарсайхан Сонгинохайрхан дүүргийн 9, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошуу хайрханы бэлд баригдах цэцэрлэгт хүрээлэн, нийтийн чийрэгжүүлэх спорт цогцолборын талбайд ажиллалаа.
Энэ үеэр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд “Энд иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амарч зугаалах шинэ орчин бий болно. Нийтдээ 2 га газарт төлөвлөлтийг хийсэн. Хөлбөмбөг, сагсанбөмбөг болон чийрэгжүүлтийн талбай, хоёр талаараа дугуйн зам, явган хүний замаар холбогдсон, боловсон бие засах газар, усан оргилууртай цэцэрлэгт хүрээлэн байх юм. Зургийн ажил бүрэн дууссан. Одоо тендерийн сонгон шалгаруулалтын ажил хийгдэнэ” гэв. Хотын Захирагчийн зүгээс “Энэ бүсэд амьдарч байгаа иргэддээ төрийн үйлчилгээг дэргэдээсээ авах болон амарч зугаалах орчин нөхцөлийг бүрдүүлсэн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа гэдэг мэдээллийг сайн өгөх шаардлагатай. Хийж хэрэгжүүлж байгаа ажлаа иргэддээ сайн ойлгуулаад хамтран ажиллах нь зүйтэй. Бид захын гэр хорооллуудад амьдарч байгаа иргэддээ чөлөөт цагаа ая тухтай орчинд өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхийг зорьж ажиллана” хэмээлээ.
Одоогоор Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд өрнүүлж буй бүтээн байгуулалтын ажлын явц 80 хувьтай хэрэгжиж байна.
Журмаар олгосон эрхийн хүрээнд иргэдэд шаардлагаа тавьж хэрэгжилтийг нь хангуулж ажиллахыг хүслээ
Дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлыг шалгах энэ үеэр олон нийтийн цагдаагаар ажиллаж буй хэсгийн ахлагчидтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо. “Иргэд гадуур маскгүй их явж байна. Зохих шаардлагыг тавьж, зарим иргэдэд маск өгсөн. Үйлчилгээний газрууд амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байх хэрэгтэй байна” гэдгийг олон нийтийн цагдаагаар ажиллаж буй хэсгийн ахлагч нар Хотын Захирагчид уламжиллаа. “Журмаар олгосон эрхийн хүрээнд иргэдэд шаардлагаа тавьж хэрэгжилтийг нь хангуулж ажиллаарай. Хотын соёлыг хэвшүүлэхэд та бүхний оролцоо их чухал шүү” гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн юм.
Хороо хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагаар ажилласнаар нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг шуурхай мэдээллэх, олон нийтийн гудамж талбайд нус, шүлсээ хаясан, ил задгай бие зассан иргэдэд хатуу шаардлага тавих болон бусад хориглосон заалт журмыг зөрчсөн иргэдэд сануулга өгч хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэйгээр ажиллаж байна.