Ugluu.mn сайт “Өглөөний зочин” буландаа Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэлийн Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмааг урьж, ярилцлаа.
Нийслэлийн Жендэрийн хорооны даргын хувьд Та нийслэл Улаанбаатар хотод жендэрийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулан батлуулжээ. Жендэрийн асуудалд анхаарч байгаа нь Таны хүний эрхийн байгууллагад ажилладаг байсантай холбоотой болов уу?
“Нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрийг НҮБ-аас баталсан дэлхийн тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичиг, “Монгол Улсын Тогтвортой хөгжил-2030” баримт бичиг, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон бусад салбарын бодлогын баримт бичгүүдтэй уялдаа холбоотой боловсруулан баталсан. Хөтөлбөр хоёр үе шаттайгаар 2025 он хүртэл хэрэгжих юм. Жендэр гэдэг бол маш өргөн хүрээтэй ойлголт. Мэдээж эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хамгийн түрүүнд хөндөгдөнө. Ерөнхий том агуулгаараа хоёр хүйсийн ялгаатай байдлаас үл хамааран эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрх, тэгш оролцооны асуудлыг хөгжлийн бодлогод тусган хэрэгжүүлэхийг хэлнэ. Би хүний эрхийн байгууллагад ажиллаж байх үеэсээ л жендэрийн талаар сонирхож эхэлсэн. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байхдаа олон айлаар орж, хүмүүстэй ярилцаж явахдаа судалгаа болон бодит амьдрал хоорондоо асар их зөрүүтэйг анзаарсан. Бодит амьдрал дээр 10 айл тутмын тал нь эмэгтэй өрхийн тэргүүнтэй байсан. Үүний шалтгаан зөвхөн гэр бүл салсан, нөхөр нь нас барсантай холбоотой биш байсан. Гэр бүлээ тэжээхийн эрхээр олон эрчүүд гадаадад, хөдөө орон нутагт ажиллаж, зарим нь архины хамааралтай болсон, хорих ангид ял эдэлж байгаа гэх мэт асар олон шалтгаанаар нэг гэр бүлийнхэн амьдралын хатуу бэрхийг амсаж байгааг олж харсан. Энэ бүхнээс жендэрийн асуудал гэдэг зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш гэдгийг төвөггүйхэн ойлгох байх. Ер нь амьдралд эрэгтэй, эмэгтэй хоёр хүний аль нэг талд бэрхшээл үүсэхэд нөгөө талд сүүдэр нь адилхан тусч байдаг. Тиймээс аль нэг хүйсийг ялгалгүйгээр эрх тэгш хандахад жендэрийн бодлогын зорилго оршдог. Дээр миний дурдсан жишээнд гэхэд л эрчүүдээ ажилтай, орлоготой байлгаж чадвал амьдрал бүтэн байж, эхчүүд, эмэгтэйчүүдийн нуруун дээр бүх ачаа буухгүй шүү дээ.
Нийслэл Жендэрийн баримт бичигтэй болсноор ямар ач холбогдолтой вэ?
Монгол Улсын хүн амын тэн хагас нь амьдарч буй Улаанбаатар хотод өнөөг хүртэл жендэрийн талаар баримтлах бодлогогүй явж ирсэн нь хөгжлийн бодлого учир дутагдалтай байсан гэсэн үг. Ийм бодлогын баримт бичигтэй болсноор хөгжлийн асуудлыг өргөн цар хүрээтэй тодорхойлох, цаашлаад төсвийн хуваарилалт оновчтой болох гээд асар их ач холбогдолтой. Нийслэлийн Жендэрийн дэд хөтөлбөрийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, иргэний нийгэм, төрийн албан хаагчид, иргэд, олон нийт рүү чиглэсэн дөрвөн зорилтын хүрээнд 50 гаруй үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлэх юм.
Жендэрийн хэвшмэл буруу ойлголтыг залруулж, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд ажил, ар гэрийн үүрэг хариуцлагыг хамтдаа үүрч, тэдний хүйснээс үл хамааран нийгэмд тэгш оролцоотой байх суурь ойлголтыг нэмэгдүүлэх талаар олон талын арга хэмжээ авахаар төлөвлөсөн.
Ер нь судалгаагаар нийслэлд жендэрийн эрх тэгш байдал ямар түвшинд байна вэ?
2017 онд санаачлан эхлүүлсэн “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлын дүн шинжилгээ” болон есөн дүүргийн жендэрийн нөхцөл байдлын судалгааг өнгөрсөн жил хийж дуусгасан. Нийслэлийн төсөвт жендэрийн асуудалд зарцуулах санхүүжилт байгаагүй тул олон улсын байгууллагаас дэмжлэг авах шаардлагатай болсон. Үүнд багагүй хугацаа зарцуулсан. Судалгааны үр дүнд бидний сайн мэддэг хэрнээ төдийлөн ач холбогдол өгч анхаардаггүй чухал асуудлуудыг олж илрүүлсэн. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 8.2 хувиар бага байна. Үүний үндсэн суурь шалтгааны нэг нь эрэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаардаггүйтэй холбоотой. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс 1.6 дахин бага байна. Энэ нь эмэгтэйчүүд их өвдөөд байгаа гэсэн үг биш. Харин эрэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаардаггүй гэдгийг л харуулж байгаа юм. Мөн эрэгтэйчүүд архи, тамхи зэрэг хорт зуршилд илүү их донтсон байдаг нь тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Судалгаанаас харахад эрэгтэйчүүдийн 39.7 хувь нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг. Яг ийм үзүүлэлт эмэгтэйчүүдийн хувьд 15.1 хувь буюу 2.5 дахин бага байна. Түүнчлэн эрэгтэйчүүдийн дундаж наслалтад нөлөөлж буй өвчлөлийн бус шалтгааны хамгийн их хувийг амиа хорлолт эзэлж байна. Энэ нь эр хүн уйлдаггүй, эр хүн цөөн үгтэй, эр хүн амьдралын хүндийг үүрэгч зэрэг жендэрийн хэвшмэл буруу ойлголттой шууд холбоотой. Эр хүн ерөөсөө л төмөр мэт байх ёстой гэсэн ойлголтыг нийгэмд хүчээр төрүүлчихсэн учраас эрчүүд өөрт тулгамдсан асуудлаа дотроо бугшуулж явсаар ийм байдалд хүрч байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Зөвхөн эрүүл мэнд, сэтгэл зүйн асуудлыг авч үзэхэд л жендэрийн бодлогыг эрчүүд рүү хандуулах зайлшгүй шаардлагатай нь харагдана. Нийгмийн тулгамдсан асуудлын нэг болсон хүчирхийллийн асуудлыг шийдэхэд энэ бодлогын баримт бичиг чухал хувь нэмэр болно гэж итгэж байна. Учир нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн нийт иргэдийн 80 гаруй хувийг хүүхэд, эмэгтэйчүүд эзэлж байна. Иймээс хүчирхийлэл үйлдэж буй эрэгтэйчүүд рүү чиглэсэн ажил хийх шаардлагатай.
Эдгээр асуудлыг шийдэхийн тулд нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвд эрэгтэйчүүдийн кабинет байгуулах, хорт зуршлын хэрэглээг бууруулахад чиглэсэн бодлого, шийдвэр гаргах, бүх хороодод мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулах зэрэг олон ажил хийхээр хөтөлбөрт тусгасан.
Нийслэлийн жендэрийн дэд хөтөлбөрт тэгш оролцоо, тэгш боломжийг хангах ямар агуулгуудыг тусгасан бэ?
Жендэрийн хэвшмэл буруу ойлголтыг залруулж, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд ажил, ар гэрийн үүрэг хариуцлагыг хамтдаа үүрч, тэдний хүйснээс үл хамааран нийгэмд тэгш оролцоотой байх суурь ойлголтыг нэмэгдүүлэх талаар олон талын арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Уг асуудлыг үндсээр нь авч үзвэл хариуцлагатай эцэг, эх байхаас жендэрийн зөв үзэл баримтлал эхэлдэг. Бид хөвгүүд, охидуудаа зөв хүмүүжүүлж байж ирээдүйн зөв хүмүүжил,хандлагатай аав, ээжүүд, зөв гэр бүлүүд бий болно. Ингээд харахаар хүний хөгжлийн үзүүлэлттэй бүх асуудлууд уялдаа холбоотой байдаг. Нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр нь хүний хөгжлийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд чухал нөлөөтэй. Боловсрол, эрүүл мэнд, хүний хөгжлийн асуудал, нийгмийн халамжийн зөв бодлогууд уялдахаар зөв бодлого гарна.Улмаар төсвийн оновчтой төлөвлөлтөөр дамжуулан бодлогоо хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Бид үнэхээр зөв, шударга нийгмийг хүсээд, үүндээ хүрье гэвэл жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, төсөвлөлт хийх шаардлагатай.
Жендэрийн мэдрэмжтэй бодлогын үр дүнд нийгэмд олон эерэг өөрчлөлтүүд ирж, хүмүүсийн амьдралын чанар сайжрах учиртай юм.
Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт, төлөвлөлтийн жишээ гэвэл юуг хэлэх вэ?
Сургуулийн автобус төслийг нийслэлээс өнгөрсөн жил хэрэгжүүлсэн. Энэ бол яах аргагүй жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт. Хүүхдүүд маань аюулгүй, дулаахан,өөрсдөд нь зориулсан автобусаар зорчиж байна. Эцэг, эхчүүдийн хүүхдээ хичээл сургуульд зөөх ачааллыг нь багасгаж байна. Өрхийн төсөвт болон цаг хугацаанд хэмнэлт гарч байгаа юм. Ингэснээр эцэг, эхчүүд, хүүхдүүд үр шимийг нь зэрэг хүртэж байна. Мөн тухайн чиглэлд, авто замын ачааллыг 20 хувь хүртэл багасгаж байгаа нь судалгаагаар тогтоогдсон.
Түүнчлэн 2016-2020 оны хооронд нийт 135 цэцэрлэгийн барилга, 67 сургуулийн барилга, 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга баригдаж, нийслэлийн боловсролын салбарт түүхэндээ байгаагүй их хөрөнгө оруулалт хийгдсэн. Үүний үр дүнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 2016 онд 72 хувь байсныг ахиулан ирэх хичээлийн жилд олон улсын стандартад нийцсэн 85 хувьд хүргэхээр ажиллаж байна. ЕБС-ийн хувьд 2016 онд гурван ээлжээр 31 сургууль хичээллэж байсан бол энэ жил бүх сургууль хоёр ээлжид бүрэн шилжсэн юм.
Мөн нийслэлд харж хандах хүнгүй, хараа хяналтгүй өнчин хүүхдүүдийг халамжийн төвүүд дээрээ авдаг. Хүчирхийлэлд өртсөн буюу өртөх эрсдэлтэй хүүхдүүдийг хамгаалалтдаа байлгадаг хүүхэд хамгааллын төв гэж бий. Одоогоор гурван дүүрэг дээр хүүхэд хамгааллын төв ажиллаж байна. Үлдсэн зургаан дүүрэг дээр мөн ижил хүүхэд хамгааллын төвтэй болохоор шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж байна.
Жендэрийн мэдрэмжтэй бодлогын үр дүнд нийгэмд олон эерэг өөрчлөлтүүд ирж, хүмүүсийн амьдралын чанар сайжрах учиртай юм. Их хот өдрөөс өдөрт өргөжин тэлэхийн зэрэгцээгээр хүн амын тоо нэмэгдсээр байна. Ачаалал ихтэй хот маань иргэн бүрээс соёлч, хариуцлагатай, ёс зүйтэй байхыг шаардаж байна. Энэ хэрэгцээ шаардлагын улмаас Хотын даргын санаачилгаар хотын соёл хичээл өглөө бүр 20 минут ордог болсон. Хөл хорионы энэ үед уг хичээлийг онлайн хэлбэрт оруулсан. Хотын иргэн байна гэдэг нь төлөвшил хүмүүжил сайтай, ёс зүйтэй, хүн чанартай, сайн хүн байна гэсэн үг. Ийм ч учраас хотын соёлыг түгээн дэлгэрүүлэхээр олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Ярилцлагын төгсгөлд Та нийслэлчүүд дээ хандан юу гэж хэлмээр байна вэ?
Ковид-19 вирусын халдвар тархах өндөр эрсдэлтэй энэ үед бид бүхэн сонор сэрэмжээ алдахгүй хариуцлагатай байснаар аюулт цар тахлаас хамтдаа сэргийлж чадна.
Ярилцсан: Б.Нямзул