ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө.
Тэрбээр “Тавдугаар сарын 10-нд Монгол Улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр ХӨСҮТ-ийн лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 107 хүнд шинжилгээ хийхэд бүгд СӨРӨГ буюу шинэ коронавирусийн халдваргүй гарсан.
Тодруулбал, ХӨСҮТ, Дорноговь, Дархан-Уул болон нийслэлийн ажиглах байруудад тусгаарлагдсан нийт 82 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.
Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 107 хүн ажиглалт, тусгаарлалтад байна.
ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 28 тохиолдлын биеийн байдал тогтвортой, дунд, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Дөрөвдүгээр сарын 30-нд ирсэн Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр ирсэн хүмүүст хоёр удаагийн давтан шинжилгээ хийсэн. Зарим тохиолдолд нь гурван удаагийн шинжилгээ хийлээ. Энэ долоо хоногт Франкфурт, Сөүлээс ирсэн хүмүүсийн давтан шинжилгээг үргэлжлүүлэн хийнэ” гэсэн мэдээллийг өглөө.
Д. Нарангэрэл: Гадаадад COVID-19-ийн халдвар авсан 13хүн эдгэрсэн
Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн цагийн дотор дэлхий дахинд 76 мянган хүн шинээр COVID-19 халдвар авч, 3,000 гаруй хүн уг өвчний улмаас нас баржээ. Манай улсын хувьд гаднаас зөөвөрлөгдсөн 42 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 14 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Одоогоор 28 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.
Өчигдөр Төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч нар 15 чиглэлийн галт тэргэнд ажиллаж 4,800 гаруй зорчигчид хяналт тавихад коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.
Мөн ЗӨСҮТ-ийн баг өчигдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн ачааны онгоцонд хоёр тонн ачаа, гурван машин эцсийн халдваргүйтгэл хийж гүйцэтгэсэн.
Шуурхай 24 цагийн 119 дугаарын утсанд нийт 166 хүн холбогдож зөвлөгөө авсан байна.
Тус утсанд гуравдугаар сарын 10-наас хойш 28 улсаас нийт 322 монгол иргэн холбогдож уг өвчний талаар зөвлөгөө авсан байна. Энэ хугацаанд гадаадад байгаа монголчуудаас 30 иргэн COVID-19 халдвар авсан. Үүнээс одоогоор 13 хүн эдгэрсэн бол бусад нь гэрийн тусгаарлалтад байна” гэв.