Эрх чөлөө гэдэг ойлголт нь “Хүн өөрийн амьдралаа сонгох боломжтой нийгэм”, “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болдог нийгэм” гэж хүлээн зөвшөөрдөг боловч хөндөгдөөгүй асуудал байсаар байна.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хүмүүс улс төртэй холбож ойлгох гээд байдаг. Гэвч өдөр тутмын харилцаанд та эрхээ эдэлж чадахгүй байна.
Амьдралаа чөлөөтэй сонгож болдог, бас үгээ чөлөөтэй хэлж болдог сайхан нийгэмд Та өөрийнхөө эрх чөлөөг өөрөө хязгаарлаж байгаа гэхээр та итгэж байна уу? за ингээд 2 хон кэйс дээр жишээ аваад үзэхээр та надтай санал нэгдэх байх.
Даргыг шүтэх үзэл
Хаант засаглалын үе, феодалын нийгэм, дараа нь ардын хувьсгал, социализм гэх бүх цаг үед хаад, ноёд, дарга нар бурхан мэт шүтэгдэж ирсэн. Ноёдоос айдаг байж байгаад даргаас айдаг болж шилжсэн. Орчин цагт Ардчилсан эрх чөлөөт нийгэм бүрэлдэн тогтсон ч Даргаас айж эмээсээр л байна.
Бүх л засаг захиргааны нэгж, алба доорх бүтэц зохион байгуулалттай байдаг. Даргаас авахуулаад ажилтан хүртэл доошилсоор байна.
Зургийг ажиглаваас нэг нь нөгөөгийнхээ дээр байгаагаар дүрслэгдэнэ. Хүмүүс ч дээд албан тушаалтан миний дээр байгаа гэж ойлгодог.
Зарим тохиолдлуудад даргын үгээр, хүсэл сонирхолд нь тааруулж ажлыг хийнэ. Мэдээж ажил, албаны хувьд шийдвэр гаргах давуу эрх удирдах албан тушаалтанд байгаа.
Гэвч дарга ажилтны эрхийг зөрчнө, буруу зүйл хийлгэнэ, заримдаа хувь хүний эрхийг зөрчнө. Зарим нь даргын буруу гэдгийг мэдсээр байж, үзэл бодлоо илэрхийлэлгүйгээр хулчийж бууж өгдөг. Ажлаа алдчихвий, даргын уурыг хүргэхвий гэсэн аймхай, хулчгар, арчаагүйтэл, даргаас айх айдсын талаар ярьж байна. Компаниуд, төрийн алба, Монгол тэр чигээрээ хөгжил дорой байгаагийн бас нэгэн шалтгаан нь энэ юм.
Доорх зураг тэгш эрхийг илүү ойлгомжтой болгож өгнө.
Орчин цагт нэг нь нэгнийхээ дээр бус, Ажил үүргийн хуваарь нь өөр болохоос энэ хүмүүс бүгдтэгш эрхтэй юм.
Таныг даргатайгаа зөрчилд гээгүй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийл, өөрийгөө хүндэл, тэгш эрхээ эдэл гэх гээд байна.
Сошиал орчин
Сошиал орчинд пост, нийтлэл дээр сэтгэгдлээ бичихдээ үгээ цэгнэж үзсэн үү? Уншсан ном, үзсэн зүйлийнхээ талаар санал бодлоо бичихэд нэг л болохгүй, үгээ чөлөөтэй илэрхийлж чадахгүй байна уу? хэлэх гэсэн үгээ залгиад байна уу? Тойрон хүрээлэгсэдээсээ эмээгээд байна уу? Янз бүрийн юм биччихвэл юунаас ч юм эмээгээд, олон дунд танигдсан нэр хүнд чинь сэвтэх, буруугаар ойлгогдохоос айгаад байна уу?
Би үзэл бодлоо илэрхийлээд ч яалаа гэж бодож магадгүй, надад ямар хамаатай юм гэж бодож ч магадгүй, бичсэн бичээгүй юу ч өөрчлөгдөхгүй гэж бодож байж ч болох.
Үг хэлэх эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө та өөрөө боогдуулж байна.
Таны үзэл бодол нийгэмд, орчин тойронд хүчтэй нөлөө үзүүлнэ, засна, залруулна гэдгийг та бодоорой.
Яг одоо жинхэнэ мэдлэгтэй, оюуны эрх чөлөөтэй хүмүүсийн үзэл санаагаар Монголын нийгэм дутагдаж байна.
Эх сурвалж: medium.com